ЗАВХАН: Их Монголын элс, Завхан голыг зорьж үзээрэй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай /МОНЦАМЭ/. Тус аймгийн Дөрвөлжин, Алдархаан сумын
нутагт орших Завхан гол, Их Монголын элсийг заавал очиж үзээрэй.
Завхан, Говь-Алтай аймгийн нутгийг дамнан орших 300 км үргэлжилсэн 3000 орчим ам дөрвөлжин км талбай эзлэн орших Монгол элс нь манай улсын хамгийн том элсэн тарамцаг юм.
Энэхүү элсэн хуримтлал нь бөөрөг, хонхорт бөөрөг, манханжсан хонхорт бөөрөг манхан хэлхээ, цац суварган оргил бүхий өндөр манхан, бүрхэвч зэрэг хоорондоо ялгарах хотгор гүдгэрийн бүхий л хэлбэрүүдийг агуулдаг аж.
Монгол элс нь Завхан голын хөндий дагуу баруун хойноос зүүн
урагш үргэлжлэн тогтсон. Эрээн, Ажиг,
Сангийн далай, Гүн зэрэг нуур тогтсон байдаг. Өөрөөр хэлбэл, “гол-нуур-элс”
гэсэн байгалийн үзэсгэлэнт байдал, экосистемийн өвөрмөц хослолыг бий болгосон
нутаг юм.
Монгол элсэнд элсний бэлчээрийн үндсэн ургамал болох хар, цагаан суль нь хур бороо, ган гачгаас үл хамааран зөвхөн хөрсний чийгээр ургадаг онцлогтой. Иймээс ч нутгийн иргэд Монгол элсийг ган зудын аюулаас хамгаалдаг хэмээн их шүтдэг ажээ.
Монгол элсийг үзэхийг хүсвэл Улаанбаатар хотоос
Завхан, Говь-Алтай чиглэлд зорих боломжтой.
Улаанбаатар хотоос Завхан аймаг руу зорих бол та 1100 км орчим зорчоод Монгол элсэнд хүрнэ. Аялагч, жуулчдад зориулсан амралтын газар, жуулчны бааз цөөхөн хэдий ч цаг агаар нь дулаан учир майхантай аяллыг хийж болох юм.
Монгол элсийг зорих аялагчдын очих газар бол мөрөнгийн энтэй Завхан гол юм
Завхан, Говь-Алтай аймгийн заагт орших Монголын томоохон
голуудын нэг.
Тус гол нь Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэрийн хоёр талаас эх авах Буянт, Шар-Ус гэсэн хоёр гол нийлж Завхан гол болдог. Завхан гол нь Их нууруудын хотгорыг чиглэн урсаж, замдаа Тээлийн голтой нийлж нийт урт 800 гаруй км урссаар Айраг нуураар дамжин Хяргас нуурт цутгадаг аж.
Эхэндээ уулархаг, дунд хэсэгтээ говийн бэсрэг уул,
толгодоор, адаг хэсэгтээ элсэн манхнаар урсаж гадаргын хэлбэрээс хамаараад
цутгал орчим нэлээд олон салаалдаг байна. Цутгалын хэсэгт далайн түвшнээс дээш
1029 м бөгөөд голын эхийн өндөр 2159 м гэж тэмдэглэгдсэн байна
Тус гол нь 99 гол горхиноос тэжээгддэг бөгөөд мөрөн болоход нэг
голын цутгал дутдаг учраас Завхан гол дуунд, ..."Мөрөнгийн энтэй Завхан
гол
Мөнхийн усыг орлоно" хэмээн тэмдэглэжээ.
Завхан голын ай сав газар нь өвөрмөц тогтоцтой, бүлээн устай, торгон элсэн дээгүүр урсдаг учраас амарч зугаалах. Халуун элсээр
уламжлалт эмчилгээ хийх. Хоолойн өвчтэй, ханиад томуу амархан хүрдэг хүүхэд,
настай хүмүүст элсэн дээр хөл нүцгэн явах, элсээр шарлага хийхэд тохиромжтой
байдаг аж.
Тухайлбал үдийн халуунд голын усанд ороход ус нь халаасан юм
шиг бүлээхэн байдаг аж. Мөн нар шингэсний дараа ч ус нь бүлээн, зөөлөн
бүтэцтэй байдаг. Завхан голын дунд орших
элсэн арал нь зэрлэг чацарганын төгөлтэй.
Хэрэв та Дөрвөлжин сумын нутагт орших Завхан голыг зорьж очвол байгалийн зэрлэг жимсний амтыг заавал мэдрээрэй. Учир нь Завхан голын эрэг дагуу Монгол элсний захаар ургах Хар бутны зэрлэг буюу байгалийн чацаргана нь өргөстэй, халуун хүйтэнд тэсвэртэй, тослог ихтэй.
Говь нутагт ургах энэ чацаргана нь чацарганын дэд зүйл болох Hippophae rhamnoides L.ssp mongolica Rous-ийн төрөл зүйл аж. Энэ төрөл зүйл, байгалийн чацарганын химийн бүрэлдэхүүнийг авч үзвэл сахар 4,6-6,7 хувь, тослог 1,5-4,0 хувь, “С” амин 107,0-149,6 мг/ хувь агуулагддаг байна. Жимс жимсгэнэ нь витамин, эрдэс бодис, антиоксидант, уураг, эслэг ихээр агуулдаг. Тиймээс цитрус жимсээс 9-12 дахин их витамин С агуулдгаараа онцлогтой аж.
Мөн Дөрвөлжин сумын чацарганын "Хар бут" цехээс нутгийн чацарганаар хийсэн зайрмаг, өтгөрүүлсэн шүүс, чанамал, ундааг худалдан авах боломжтой юм.
Гэрэл зургуудыг: П.Баатарзоригт, Б.Цэрэнбатаа
Завхан голын эрэг нь Дөрвөлжин сум талаасаа байгалийн сонин тогтоцтой эгц, цавчим аж.
Аялагчид Улаанбаатар хотоос 1150 км орчим замыг туулж Завхан
голд хүрнэ. 1000 орчим км замыг хатуу хучилттай замаар явж, 150 орчим км замыг
нь сайжруулсан, шороон замаар туулж, Завхан гол, Монгол элс, зэрлэг чацарганын
төгөл бүхий говийн унаган төрх,
байгалийн сонин тогтоцтой хад, эрэг, ургамал, шувуу ажиглах аяллыг хийх
боломжтой юм.
Энд амралт,
жуулчны баазууд байхгүй бөгөөд майхантай аяллыг хийж болно. Мөн Дөрвөлжин сумын
төвийн ойролцоо аялбал, бусад үйлчилгээг тус суурингаас авч болох аж.