ДАРХАН-УУЛ: Ерөнхий боловсролын 17 сургууль ухаалаг ангитай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-09-01 19:18:34

Дархан /МОНЦАМЭ/. Хичээлийн шинэ жилийн нээлтийг тохиолдуулан сургууль бүрд ухаалаг анги байгуулж сургалтын орчныг бүрдүүллээ.


Улсын төсвийн 1.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн уг ухаалаг ангийг Сангийн сайд, УИХ-гишүүн Б.Жавхлан, Г.Дамдинням, Б.Баттөмөр нарын санаачилгаар хийж хэрэгжүүлсэн аж.


Ерөнхий боловсролын 17 сургуульд 19 ухаалаг анги байгуулж хүлээлгэн өгсөн бөгөөд сурагчдад дэлхийн боловсролыг интернэт орчинд тэгш хүртээмжтэй хүргэх зорилготой юм.


Тус ухаалаг анги нь ухаалаг самбар, биет материалыг ухаалаг самбарт шууд харуулах боломжтой документ камер, хиймэл оюун ухаан бүхий хөдөлгөөн дагадаг камер, сурагчийн таблет , таблет хадгалах, цэнэглэх зөөврийн шүүгээ, агаар чийгшүүлэгч болон амьд цэцгийн хослол, сургалтын цогц программ хангамжаас бүрджээ.


Мөн стандартад нийцсэн багш, сурагчдын эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, тав тух бүхий эргономик ширээ, сандалтай аж. Багш сурагчдын харилцан интерактив ажиллагаа, зайн сургалт хийх нөхцөлийг бүрдүүлж өгчээ.

Related news