ОРХОН: Ирэх онд 91,6 тэрбум төгрөгийн худалдан авах ажиллагаа зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-12-25 13:46:09
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2023 оны арванхоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Орхон аймаг ирэх онд  91,6 тэрбум төгрөгийн 220 төрлийн худалдан авах ажиллагаа зохион байгуулна.  


Үүнд, гэрэлтүүлэг, цахилгааны 27 ажилд 4,8 тэрбум, авто замын засвар, зогсоол, буудал зэрэг 66 ажилд 55 тэрбум, инженерийн шугам сүлжээний 10 ажилд 1,2 тэрбум, шинээр барих 7 барилга байгууламжид 8 тэрбум, камержуулалт, шилэн кабель татах  27 ажилд 4,1 тэрбум төгрөгийн тендер зарлана.


Мөн амралт чөлөөт цагийн талбай, орчны тохижилтын 7 ажилд 1 тэрбум, барилгын засвар, үйлчилгээний 30 ажилд 6,5 тэрбум, тоног төхөөрөмж худалдан авахад 10,4 тэрбум, зөвлөх үйлчилгээний хоёр ажилд 100 сая төгрөг баталжээ.


Эдгээрийг санхүүжилтээр нь ангилбал, Аймгийн төсвөөс шинээр хийх 133 ажилд  28 тэрбум, Орон нутгийн хөгжлийн сангаас 75 ажилд 61,8 тэрбум, Байгаль хамгаалах сангийн хөрөнгөөр хоёр ажилд 240 сая, Авто замын сангийн хөрөнгөөр гурван ажилд 718,5 сая, “Эрдэнэт сан”-ийн хөрөнгөөр зургаан ажилд 500 сая, Төрийн өмчийн барилгын тогтмол зардлаар нэг ажилд 362,5 сая төгрөг зарцуулна.


Худалдан авах ажиллагааг нээлттэй тендер сонгон шалгаруулалтаар 163, харьцуулалтын аргаар 47, шууд худалдан авалтаар 8, зөвлөх үйлчилгээний аргаар 2 ажлыг зохион байгуулна. 

Related news