ОРХОН: Гэр хорооллын дахин төлөвлөлтийг БНСУ-ын M. A.P групптэй хамтран хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-02-06 15:09:08
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны хоёрдугаар сарын 6/ МОНЦАМЭ/. Монгол Улсын "Алсын хараа 2050", Шинэ сэргэлтийн бодлого, Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд Орхон аймаг гэр хорооллыг дахин төлөвлөх, хүн амын нягтралыг сааруулах, ухаалаг хот болох зорилт дэвшүүлэн ажиллаж байна. 


Үүний хүрээнд Орхон аймаг өнгөрсөн оны 5, 9 дүгээр сард гэр хорооллын дахин төлөвлөлтийн зураг төсөл боловсруулах, барилгажилт болон ухаалаг хот байгуулах талаар БНСУ-ын M.A.P групптэй хамтран ажиллах гэрээ байгуулсан. 


Гэрээний дагуу Баян-Өндөр сумын Найрамдал багийн 49-53 дугаар гудамжны 11.9 га газарт орон сууцны хороолол барих, SMART хот байгуулах талаар M.A.P группийн ерөнхийлөгч Хан Ил Ху-тай УИХ-ын гишүүн Д.Батлут, Орхон аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, аймгийн Засаг даргын орлогч М.Түмэнжаргал нар  уулзаж барилгажилтын зураг төсөл, дэд бүтэц, хотын цаашдын төлөвлөлт, ухаалаг хотын дэд бүтцийн асуудлаар санал солилцлоо.


БНСУ-ын M.A.P групп нь дахин төлөвлөлтийн зураг төсөл боловсруулах, SMART хотын ТЭЗҮ боловсруулах болон барилгажилтын талаар Солонгос улсдаа эхний 15-т бичигддэг бөгөөд 30 жилийн түүхтэй, 359 ажилтантай, 11 улстай гадаад харилцаатай тэргүүлэгч компани юм. 


Орхон аймаг Хойд бүсийн хөгжлийн гол тулгуур аймгийн хувьд орон сууцны хорооллоо нэмэх, аж үйлдвэрийн парк байгуулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, хөнгөн үйлдвэрийн кластер байгуулах талаар олон ажил санаачилж хэрэгжүүлж байна.


Найрамдал багт хийж буй дахин төлөвлөлтийн хүрээнд 12 блок орон сууцны 2000 айлын орон сууц, 960 хүүхдийн сургууль, 260 хүүхдийн 2 цэцэрлэг барина.





Related news