АНУ-ын Ерөнхий консул Орхон аймагт айлчлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-10-04 16:55:12
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут АНУ-аас Монгол Улсад суугаа Ерөнхий консул Жэйсон Спэлбэрг болон ЭСЯ-ны тусгай ажилтан Жэрими Венстрэйныг хүлээн авч уулзлаа.

Ерөнхий консул Жэйсон Спэлбэрг уг албанд томилогдоод гурван сар болж байгаа ажээ. Тэрээр Орхон аймагт айлчлахдаа  их, дээд сургуулийн оюутнуудад АНУ-ын визтэй холбоотой мэдээллийг өгөхийн зэрэгцээ  БОЭТ, Цагдаагийн газар, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Эрдэнэт хот нь 2007 оноос АНУ-ын Аляска мужийн Фэйрбанкс  хоттой эгч, дүүсийн харилцаа тогтоосон билээ. Үүний хүрээнд тус хоттой аялал жуулчлал, боловсролын салбарт хамран ажилладаг юм.   Дээрх уулзалтын үеэр, аймгийн Засаг дарга Д.Батлут хэлэхдээ “Энэ оноос эхлэн ЗДТГ-т Гадаад харилцааны алба байгуулан ажиллуулахаар болсон. Ингэснээр гадаадын улс орнуудаас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдтэй хамтран ажиллах,  ах, дүү, эгч, дүүгийн харилцаатай хотуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж нээгдэх юм. Бидний тавьж буй зорилттой нийцэж АНУ-аас Монгол  Улсад суугаа Ерөнхий консул тэргүүтэй албаны хүмүүс хүрэлцэн ирсэнд баяртай байна” гэлээ.

Мөн 2006 онд АНУ “Мянганы сорилтын сан”-аар дамжуулж 285 сая америк долларын тусламжийг Монгол Улсад үзүүлсэн нь дэд бүтэц болон бусад олон салбарын хөгжил, төлөвшлийг бий болгосон гэдгийг цохон тэмдэглэсэн юм.

Б.Оюун-Эрдэнэ

Related news