120 удаа цусаа хандивласан Хүндэт доноруудыг “Шударга журам” медалиар шагнав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2024-06-14 16:31:18

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Өнөөдөр тохиож буй Цусны донорын дэлхийн өдрийг “Амьдрал бэлэглэсэн 20 жил: Цусны донор танд баярлалаа” уриан дор БЗД-ийн “Жанжин” клубт тэмдэглэлээ.


Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 120 буюу түүнээс дээш удаа цусаа өгсөн Хүндэт донор Ч.Гантулга, С.Гантулга, Р.Ариун-Эрдэнэ, С.Соддэлгэр нарыг “Шударга журам” медалиар шагнав.


Мөн 2024 онд “Донор дүүрэг” болох зорилт дэвшүүлж, ЦССҮТ-тэй үр дүнтэй хамтран ажиллаж байгаа Баянзүрх дүүрэг “Донор дүүрэг” хэмээх талархлын анхны эзэд боллоо. Харин “Донор хамт олон”-оор Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлал болон ЭТҮГЭН их сургууль тус тус шалгарав.


2024 оны “Цусны донорыг дэмжигч шилдэг байгууллага”-аар “Эко констракшн” компани, 2024 оны “Тэргүүний донор элсүүлэгч байгууллага”-аар БЗД болон СХД-ийн Улаан загалмайн хороо, БЗД-ийн өсвөрийн улаан загалмайчид, Монголын донорын холбоо, “Нигүүлсэл” алтан медалиар МУБИС-ийн Оюутан хөгжил төвийн багш Т.Дуламрагчаа, “Нигүүлсэл” мөнгөн медалиар Эко констракшн компанийн ахлах ажилтан Э.Тайван, АШУИС-ийн Оюутан хөгжил, удирдлагын газрын мэргэжилтэн Б.Түвшинбаатар, “Оюу толгой” ХХК-ийн зөвлөх Т.Уянга нарыг шагнаж урамшуулав.


150 удаа цус, цусны бүрэлдэхүүн хэсгээ өгч "Алтан донор"-ын болзол хангасан Д.Бүдханд, 100 удаа цусаа хандивлаж "Мөнгөн донор"-ын болзол хангасан Н.Батцэрэн нарт цол тэмдэг, ивээн тэтгэгчдийн шагналыг гардуулав. Мөн 40 орчим хүнд "Хүндэт донор"-ын цол тэмдэг гардууллаа.


Монгол Улсын Цусны албаны хүндэт тэмдгээр ЦССҮТ-ийн эмч Р.Энхтуяа, технологич сувилагч Л.Өлзийбаяр, Б.Өнөрцэцэг, Б.Дуламсүрэн, лаборант С.Ганчимэг, технологич сувилагч Н.Энхтуул, МДХ-ны ахмад ажилтан Р.Цэрэнпил нарыг шагнаж алдаршууллаа.


Цусны донорын дэлхийн өдрийн хүндэтгэлийн ёслолд ачтан донорууд, иргэд, ЦССҮТ-тэй хамтран ажилладаг аж ахуйн нэгж байгууллага, эрүүл мэндийн салбарынхан, хэвлэл мэдээллийнхэн оролцов.



Цусны донорын дэлхийн өдрийг Австрийн биологич, эмч Карл Ландштайнерын төрсөн өдрөөр тэмдэглэдэг. Сүүлийн жилүүдэд цусаа бэлэглэж, бусдад туслах хүсэлтэй хүмүүс харьцангуй нэмэгджээ.


Нэг хүний өгсөн цусаар гурван хүний амь аварна гэж ярьдаг нь улаан эс, сийвэн, эсийн гэсэн гурван төрлийн бүтээгдэхүүн гаргаж авдагтай холбоотой аж.

Таны хандивласан цусанд цусны бүлгийг тодорхойлох, ХДХВ, гепатит В болон С вирусний эсрэгтөрөгч, тэмбүү, бруцелёз зэрэг халдварын үүсгэгчийг илрүүлэх 10 орчим шинжилгээ хийж, тэнцсэн цуснаас зургаан цагийн дотор багтаан 4-10 төрлийн бүтээгдэхүүн болгодог байна.


Насанд хүрсэн хүн дунджаар 5-7 литр цустай байдаг ба эрүүл хүн нэг удаад 250-400 мл цус өгч болно. Тиймээс жилд дөрвөн удаа цусаа өгөхөд ямар нэгэн аюул байхгүй ажээ. Монгол Улсад 100-гаас дээш удаа цусаа өгсөн 35 хүн байдаг.

Мөн дөрөвдүгээр бүлгийн цустай хүн нийт хүн амын долоон хувийг эзэлдэг. Өөрөөр хэлбэл, 14 хүн тутмын нэг нь дөрөвдүгээр бүлгийн цустай гэсэн үг. Үүний дараа нь хоёрдугаар бүлгийн цус эрэлттэй байдаг ажээ. Хоёрдугаар бүлгийн цустай хүн нийт хүн амын 20 хувийг эзэлдэг байна. Хамгийн нийтлэг нь нэгдүгээр бүлгийн цус аж. Энэ нь хүн амын 40 хувийг эзэлдэг. Хавдар, төрөхийн хүндрэл, гэмтэл, ослоос шалтгаалж цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээ ихэсдэг байна.


ЦССҮТ-өөс сар бүрийн 3-нд цусаа хандивлах өдрийг зохион байгуулдаг бөгөөд энэ сард 111 дэх удаагаа зохион байгуулжээ. Цусаа өгөх нь хүмүүнлэгийн үйл хэрэг учраас бүхий л салбарыг хамардаг. Тиймээс сүүлийн жилүүдэд байгууллага, анги хамт олноороо цус хандивлах үйлсэд оролцох нь ихэсжээ.




Related news