Мьянмарт халдлага болсны улмаас олон цагдаа амь үрэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-10-10 10:04:05

НЕЙПЬИДО. /Kyodo/. Мьянмарын баруун нутагт зэвсэгт бүлэглэлүүд цагдаагийн газрын байрууд руу халдсаны улмаас наад зах нь 17 хүн амь үрэгджээ.

Ням гарагт баруун нутгийн Ракхайн мужийн Маундо хотын цагдаагийн гурван хэлтэс рүү 20-90 зэвсэгт этгээд халдсан байна. Энэ хот Бангладештай хил залгаа оршдог юм.

Мьянмарын Засгийн газрын мэдэгдсэнээр, халдлагын үеэр есөн цагдаа болон найман зэвсэгт этгээд амь үрэгджээ. Тус хотод шөнийн цагаар хөл хорио тогтоожээ.

2012 онд Мьянмарын хүн амын ихэнхийг эзэлдэг бурхны шашинтнууд болон үндэстний цөөнх болох лалын шашинт рохингьячуудын хооронд мөргөлдөөн дэгдсэнээс хойш Ракхайн мужийн байдал тогтворгүй болсон байна.

Рохингьячууд голдуу оршин суудаг Маундо хотод өчигдөр болсон халдлагын хариуцлагыг ямар нэгэн бүлэглэл хүлээгээгүй байна.

Г.Доржханд

 

Related news