"Монгол-Европын Холбоо 35" гэрэл зургийн үзэсгэлэн Брюссельд гарав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-06-28 12:53:05

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Монгол Улс, Европын Холбоо дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг тохиолдуулан Брюссель хотноо гэрэл зургийн үзэсгэлэн гаргав. 


Үзэсгэлэнг нээж Элчин сайд Л.Болд, Европын холбооны Гадаад харилцааны албаны Монголыг хариуцсан хэлтсийн дарга Доминик Портер нар мэндчилгээ дэвшүүлсэн юм. Элчин сайд Л.Болд хэлсэн үгэндээ Европын холбооноос зудын хүндрэлийг даван туулахад зориулж 500 мянган еврогийн тусламж үзүүлсэнд талархал илэрхийлж, цаашид Монгол Улс, Европын холбооны харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхэд тогтвортой ногоон хөгжил, эдийн засаг, эрчим хүчний шилжилт, хөдөө аж ахуйн менежмент, уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчныг хамгаалах зэрэг тэргүүлэх чиглэлүүд бат бөх үндэс суурь болно гэв.


Арга хэмжээнд Европын Парламентын гишүүн, Европын Парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгийн дарга Томас Здеховский, Европын Холбооны гишүүн орнуудын Элчин сайд нар болон ЕХ-ны агентлаг, хамтын ажиллагаатай байгууллагуудын төлөөллүүд оролцов. Энэ үеэр ардын урлагийн “Уухай” хамтлаг уран бүтээлээ толилуулсан юм.


Монгол Улс, Европын Холбоо 1989 оны наймдугаар сарын 1-нд дипломат харилцаа тогтоож байв. Европын Холбоо манай улсын “гуравдагч хөрш”-ийн хувьд ардчилал, хүний эрх, хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан эдийн засаг, нийгмийн олон салбарт идэвхтэй хамтран ажиллаж байна.





Related news