ДУНДГОВЬ: "Говийн оточ" элсний сувилал ажиллах хугацаагаа сунгав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬМандалговь, 2024 оны наймдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Өлзийт
сумын нутаг Бор хацавч дахь "Говийн
оточ" элсний сувилал энэ жилийн
ажиллах хугацаагаа сунган 8 дугаар сарын 10-20 хүртэл үйл ажиллагаагаа
үргэлжлүүлэхээр болж, захиалга авч эхэлжээ.
Говийн оточ элсний
сувилал Улаанбаатар хотоос 390 гаруй, Мандалговиос 120, Өлзийт сумаас 21 км-т
байрладаг.
Тус сувилал бөөрний бүх
төрлийн архаг болон олдмол өвчин, үе мөч, эмэгтэйүүдийн өвчин, хүүхдийн тархины
рахит болон сульдаа өвчнийг байгалийн элс, агаар, нарны илчийг ашиглан наран
шарлага, элсэн хучлага хийх эмчилгээ хийж, эмчилгээг ингэний хоормогтой хослуулдаг
онцлогтой.
Элсний сувилалыг Уламжлалт
анагаах ухааны тэргүүлэх зэргийн их эмч, Клиникийн профессор Л.Бямбаа 2016 оноос
нээн ажиллуулж байна. Тэрбээр 1981 онд Анагаах ухааны их сургуулийн эмчилгээний
ангийг төгсөж, 1981-1990 онд Өлзийт суманд эмчээр ажиллаж байгаад 1990 онд
Дундговь аймагт Уламжлалт анагаах ухааны төвийг нээн 2016 он хүртэл тус төвийн
эрхлэгч, их эмчээр ажиллажээ.
Тиймээс "Говийн оточ" элсний сувилалд бариа, зүү төөнүүр хийлгэх, бумба тавиулах зэрэг уламжлалт анагаах ухааны эмчилгээнүүдийг хослуулан хийлгэх боломжтой юм. Нэг ээлжиндээ 50 хүн хүлээн авах хүчин чадалтай бөгөөд нэг хоногийн төлбөр 80000 төгрөг.
Түүнчлэн "Говийн оточ" элсний сувилалд жуулчдад зориулан номхон тэмээ, морь унуулах, хонь ноослох, мал муулах, услах, сүү хөөрүүлэх зэрэг үндэсний өв соёл, зан заншлыг таниулж, шагай няслах, шагай хамах зэрэг үндэсний тоглоом тоглуулах үйлчилгээг үзүүлдэг.