ДУНДГОВЬ: УЦУОШТ-ийн 80 жилийн ой тохиож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬМандалговь, 2024 оны наймдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Ус цаг
уур орчны шинжилгээний төвийн хамт олон 80 жилийн түүхэн ойн баяраа 8 дугаар
сарын 7-8-нд тэмдэглэн өнгөрүүллээ.
Ойн баярын үйл ажиллагааны
хүрээнд “Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө ба хамтын ажиллагаа” хэлэлцүүлэг өрнүүлж,
баярын хурал, хүндэтгэлийн тоглолт, оролцогчдын дунд үндэсний сурын харваа,
шагайн харваа, хүчит бөхийн барилдаан, “Оpen mic” зохион байгуулжээ.
Хүндэтгэлийн үйл
ажиллагаанд Соёлын гавъяат зүтгэлтэн, цаг уурч, сэтгүүлч Д.Шагдарсүрэн, Байгаль орчин хэмжил
зүйн төв лабораторийн хэмжил зүйн хэлтсийн дарга Ц.Довчин, тус лабораторийн засварын
инженер А.Батжаргал, аймгийн ИТХ-ын дарга С.Од-Эрдэнэ, хамтран ажилладаг
байгууллагуудын төлөөлөл, УЦУОШТ-ийн үе үеийн ажилтан, албан хаагчид оролцов.
Цаг уурын анхны бүтэц болох “Ус, цаг уурын шинжилгээний станц” Дундговь аймагт 1944 оны хоёрдугаар сарын 18-нд байгуулагдаж, Оросын мэргэжилтэн Георгий Анисимович, Мария Иларионона, Рождения, Ермохина Галина Митрофанова зэрэг хүмүүс ажиллаж байжээ.
1944-1955 онд тус станцад
Зөвлөлтийн мэргэжилтнүүд ажиллаж байгаад 1955 оноос үндэсний мэргэжилтнүүдийг дагалдуулан
сургаж, цаг уур, уур амьсгал, хөдөө аж ахуйн цаг уур, усны шинжилгээний ажлыг гүйцэтгэх
мэргэжилтнүүдийг бэлтгэжээ.
1961-1979 онд сумдад цаг уурын станц, хөдөө аж ахуйн цаг уурын харуул байгуулж, 1965 онд тус станц конторын шинэ барилгатай болсон төдийгүй бүтцийн хувьд Ус цаг уурын товчоо, 1987 оноос Ус цаг уурын газар, 1988 оноос Байгаль орчныг хамгаалах газар, 1991 оноос Байгаль орчны хяналтын газар, 1992 оноос УЦУОШТ болон өргөжсөн юм.
Тус байгууллага ус, цаг
агаар, байгаль орчны төлөв байдалд байнгын хяналт шинжилгээ хийж, бодит болон
урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллээр нийгмийн хэрэгцээг шуурхай хангах,
байгалийн болзошгүй гамшгийн эрсдэлээс сэрэмжлүүлэх эрхэм зорилго дор цаг уур,
орчны ажиглалт, шинжилгээ, судалгааг гүйцэтгэдэг.
Өнөөдөр УЦУОШТ-д 70 орчим албан хаагч ажилладаг ба 2008 оны 4 дүгээр сараас тус төвийн дэргэд цаг агаарт зориудаар нөлөөлөх Мандал бороо-1, Мандал бороо-2 экспедицүүд үйл ажиллагаагаа явуулж байна.