ХОВД: Жаргалант сумын ЕБС-ийн спорт заалнууд баасан гарагт үнэ төлбөргүй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-12-12 22:58:40

Жаргалант, 2024 оны арванхоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Сурагчдын амралтын үеэр Ховд аймгийн төв буюу Жаргалант сумын ерөнхий боловсролын сургууль /ЕБС/-ийн спорт заалыг баасан гарагт үнэ төлбөргүй болгоно. 


Жаргалант сумын Засаг дарга өнөөдөр захирамж гаргаж, 2024-2025 оны хичээлийн жилийн сурагчдын амралтыг тохиолдуулан тус суманд үйл ажиллагаа явуулж буй бүх ерөнхий боловсролын сургуулийн спорт заал баасан гараг бүрийн 09:00-12:00 цагт сурагч, багш, ажилтнуудад үнэ төлбөргүй үйлчлэх боломж бүрдүүлэхийг сургуулийн удирдлагуудад үүрэг болгов. 


Энэ нь ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилтан, сурагчдыг спортоор дамжуулан хөгжүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, цахим орчны зохисгүй хэрэглээнээс татгалзах, хорт зуршлаас урьдчилан сэргийлэхэд давуу талтай юм. 


Сурагчдын амралтын хугацаанд үргэлжлэх энэ аянд сурагч, багш, ажилтнуудыг идэвхтэй хамрагдахыг Ховд аймгийн Биеийн тамир, спортын газар, Жаргалант сумын Засаг даргын Тамгын газраас уриаллаа. 


Жаргалант суманд одоогоор ерөнхий боловсролын найман сургууль үйл ажиллагаа явуулж байгаа ба сурагчид энэ сарын сүүлээр амарна.  

  
Related news