ХОВД: Хамтарсан багийн үйл ажиллагааг сайжруулахад анхаарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-12-13 15:41:13

Жаргалант, 2024 оны арванхоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Хамтарсан багийн гишүүдэд зориулсан “Бүгдээрээ хамтдаа хүүхдээ хамгаалъя” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг өнөөдөр Ховд аймгийн төвд боллоо.


Үүнд Жаргалант сумын 12 багийн хамтарсан багийн гишүүдийн төлөөлөл 50 гаруй хүн оролцов.  


Тэд хүүхдийн хөгжил, хамгаалал, гэр бүлийн хүчирхийлэл, нийгмийн асуудал, иргэдийн оролцоо, холбогдох хууль тогтоомжийн талаар мэдээлэл солилцож, “Бүгдээрээ хамтдаа хүүхдээ хамгаалъя” уриалгын хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж буй.


Жаргалант сумын ИТХ-ын дарга Х.Батсүрэн, Засаг дарга Б.Амартүвшин нар тус үйл ажиллагаанд оролцож, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх, хүүхэд хамгааллын бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх нь хамгийн чухал гэдгийг онцоллоо.    


Жаргалант сумын хамтарсан баг нь боловсрол, эрүүл мэнд, цагдаа бусад төрийн байгууллагын төлөөлөл 70 гаруй гишүүнтэй. Цаашид хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах сургалт, нөлөөллийн ажлыг үе шаттай зохион байгуулж, хүүхдийн сурч, хөгжих үйл явцыг хүчирхийллийн бус аргаар дэмжих сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэхээр зорьж байна.        

Дээрх уулзалт нь хамтарсан багийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, ажлын уялдаа холбоог сайжруулах, тулгамдаж буй асуудлаа олон талын оролцоотойгоор шийдвэрлэх, цаашлаад сайн туршлагаа түгээн дэлгэрүүлэхэд ач холбогдолтой байв.   

Related news