ДУНДГОВЬ: Хүүхдийн боловсрол, хөгжлийн “Бади” төв үйл ажиллагаагаа эхлүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬМандалговь, 2024 оны арванхоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Дундговь аймагт өсвөр насныханд боловсрол олгож, хөгжүүлэх "Бади" төв өнөөдөр нээлтээ хийлээ.
Бади төв нь өсвөр насны
хүүхдүүдийн чөлөөт цагийг бүтээлч, дурсамжтай өнгөрөөх, бие биетэйгээ эергээр
нөхөрлөх, амьд харилцааг бий болгох, залуу гэр бүлүүдэд нөхөрлөлийн үнэ цэнийг
бүтээх боломж олгох зорилгоор ийнхүү үйл ажиллагаагаа эхэлж байна.
Тус төвийг үүсгэн
байгуулагч Б.Гэрэлсүрэн 2024 онд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас зохион
байгуулсан "Стартап-2024" гарааны бизнесийг дэмжих уралдаанд оролцож, “Шилдэг стартап”-аар
шалгаран 10 сая төгрөгийн буцалтгүй дэмжлэг авч, ийнхүү гарааны бизнесээ
эхэлж байгаа юм.
Судалгаагаар хөдөө орон
нутагт амьдарч буй өсвөр насны хүүхдүүд, залуу гэр бүлүүдэд чөлөөт цагаа
бүтээлчээр өнгөрүүлэх, гэр бүл, найз нөхдийнхөө хүрээнд хамт хөгжих орчин
байхгүй гэсэн асуудал байгаа тул энэхүү асуудлыг шийдвэрлэх хэрэгцээ байсан
байна.
Бади төв англи хэл, бага ангийн сурагчдын сургалт, цагийн өдөр өнжүүлэхийн үйлчилгээ үзүүлэх ба мини кино театр, вип өрөө, хөвгүүд аавуудад зориулсан тоглоомын өрөөтэй. Энд 2 минутад зураг авдаг фотобүүт, зоосоор чихмэл шүүрдэг тоглоом, өсвөр насны хүүхдэд зориулсан buddy shop, попкорн, халуун хүйтэн шүүс, кофегоор үйлчилж, өсвөр насныхан, залуу гэр бүлүүдэд чөлөөт цагаа бүтээлчээр өнгөрүүлэх боломж олгох юм.