СЭЛЭНГЭ: Ургадаг мах

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-12-18 12:30:19

Сүхбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Газраас ургадаг мах гэхээр, бас ямар гээч мах гараад ирэв гэж зарим нь бодож болох ч ихэнх хүмүүсийн толгойд шууд л мөөг гээд л ороод ирэх вий. Мөөгийг яагаад махтай зүйрлэх болов?

 

Мөөгөнд нүүрс ус, өөх тос, уураг, уусдаг аминдэм, фосфор, кали, кальц, төмөр, зэс гээд байхгүй бодис бараг үгүй юм. Монголчууд эртнээс мөөгийг эмчилгээний болон хүнсний зориулалтаар ашиглаж ирсэн уламжлалтай. Хатаасан мөөгний 30-40 хувьд уураг агуулагддаг, махнаас дутуугүй уурагтай учир мөөгийг “газраас ургадаг мах” гэж нэрлэх болжээ.  


Мөөгийг хүнсэнд төдийгүй эмчилгээнд өргөн хэрэглэдэг гэдгийг дахин өгүүлье. Мөөг нь цусан дахь тосны хэмжээг багасгах, даралт болон халуун бууруулах, үрэвсэл, хавдрын эсрэг үйлчлэл бүхий биологийн идэвхт олон бодисыг агуулдаг шидтэй юм. Мөн сүрьеэ, зарим халдварт өвчин, мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагааны саатлыг анагаахад хүртэл хэрэглэж иржээ. Түүнчлэн элдэв үрэвслийн эсрэг идэвхтэй үйлчилж, дархлааг сайжруулахаас гадна шарх анагаахад хэрэглэж байсан талаар судлаачид бичсэн байна.   


Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нутаг дэвсгэрт 630 гаруй зүйлийн мөөг ургадгаас 116 зүйлийг нь хүнсэнд хэрэглэж болох, 427 зүйлийг хүнсэнд хэрэглэж болдоггүй судалгаа байна.


Ботаникийн салбар болох микологи гэдэг шинжлэх ухаан мөөгийг судалдаг. Мөөгийг 1980-аад он хүртэл ургамлын төрөлд хамааруулдаг байсан бол өнөө үед тусдаа өөрийн нэг төрөл гэж үзэх болжээ. Дэлхийд 250 мянга орчим мөөгний төрөл зүйл байдаг гэх ч зарим эрдэмтэн 1.5 сая төрөл мөөг байдаг хэмээн үзэж байна.


Мөөг нь цэцэггүй, навчгүй, шүхэр мэт малгай, бөөрөнхий баганан хэлбэртэй иш бүхий, ой шугуй, хээр талд ургадаг, мөөгний хүрээнд багтах зүйлсийн ерөнхий нэр юм.


Бага байхад гэрийн буйр шиг дугариг хүрээн дотор багтаж ядан ургасан мөөгийг өглөө эрт түүгээрэй гэж ээж минь хэлдэг байв. Тэр бол цагаан мөөг. Цагаан мөөгийг бид эртнээс мэддэг, хоол хүнсэндээ хэрэглэж ирсэн. Харин өнөө цагт маш олон төрлийн мөөгийг хоол хүнсэндээ хэрэглэх болжээ.  


Мөөгийг зөвхөн хоол хүнс төдийгүй эм бэлдмэлийг хийхэд ашиглаж байна. Орчин үеийн судалгаагаар био нөхөн сэргээлтийн салшгүй хэсэг болох ус, хөрс, агаар мандлыг цэвэршүүлэхэд үйлдвэрийн хог хаягдлыг боловсруулахад ашиглаж болохыг судалсан байна.


Мөөгний ач холбогдол хэрэгцээ өсөн нэмэгдсээр байгаа бөгөөд 2050 он гэхэд дэлхийн нийт хүн амын уургийн хэрэгцээний 50 хувийг мөөгөөр хангана гэдэг зорилт тавьжээ.


Нэг талаасаа хүнсний, нөгөө талаасаа анагаах ач холбогдолтой ийм том ертөнц бол мөөг юм. Манай хоёр хөрш мөөгний ач тусыг маш сайн мэдэрсэн улсууд юм.


ОХУ Сибирийн мөөгийг хэрэглэж байна. Харин Хятад улс хүн амын хэт их өсөлтөөс шалтгаалж, хүнсний хомсдолд орохгүйн тулд хүнсний шим тэжээлийг нь сайжруулахын тулд мөөг үйлдвэрлэлийг дэлхийн түвшинд хүртэл гаргаж чаджээ.


Хятадад мөөгийг тогтмол хэрэглэснээр даралт ихсэх, хавдраар өвчлөх тохиолдлуудыг эрс бууруулж чадсан бөгөөд 2004 онд Хятадын эрдэмтэд ногоон цайтай мөөгийг хавсран хэрэглэх нь хөхний хорт хавдраар өвчлөх эрсдэлийг 90 хувиар бууруулдаг болохыг тогтоосон байна.


МОНГОЛ ЦАГААН МӨӨГ ШАРХ АНАГААНА


Монгол түмэн эрт дээр үеэс цагаан мөөгийг ихээхэн хэрэглэсээр ирсэн. Цагаан мөөг нь хоол амт оруулахаас гадна уламжлалт эмчилгээний гол бүтээгдэхүүн болж өгдгөөрөө онцлогтой юм.


Энэхүү талын цагаан мөөг нь салбант мөөгний овогт хамаарагдах хамгийн их тархсан тэжээллэг чанараараа нэлээд үнэлэгддэг сайн чанарын ургамал юм.


Цагаан мөөгний гадаад төрх нь мөөгний малгайн орой нь цагаан, томорсон үедээ голчоороо 6-19 см, зарим нь 21 см ч байдаг. Шилбэ нь суурь руугаа бүдүүрсэн богиновтор, малгайтайгаа бат бэхлэгдсэн, малгайтайгаа адил цагаан өнгөтэй. Доод давхарга нь цагаан өнгийн салбангуудаас тогтоно. 9-10 дугаар сар хүртэл ургадаг байна. Энэ мөөг монгол орны ойт хээр, тал хээрийн бүсэд маш өргөн тархсан асар их бэлтгэл нөөцтэй. Хээрийн цагаан мөөг гол төлөв чийглэг зөөлөн хөрсөнд уулын ар, хажуу хөндийг өгсөн хөх манан татуулан ургадаг. Хээрийн цагаан мөөгний хүрээнд өөр ямар ч мөөг холилдон ургахгүй, мөөгний махлаг хэсгийг хугалсны дараа цагаан өнгөө алддаггүй онцлогтой юм.


Цагаан мөөгийг намар 8 дугаар сард түүж авна. Хур бороо ихтэй жил элбэг ургана. Өглөө эрт түүх нь илүү тохиромжтой гэдэг. Эрт түүхэд сая гарсан мөөг чийрэг чанга байхаас гадна өглөөний нарны туяанд тод харагддаг байна.


Талын цагаан мөөгийг төвөд болон монгол анагаах ухаанд нялхсын халуун, савны халуун, дотор халууныг бууруулах, мөн элэгний эмчилгээнд хэрэглэж иржээ. Мөн хавдрын эсрэг тэмцэх үүрэгтэй болохыг судалгаагаар тогтоосон байдаг.  


Цагаан мөөгөнд хүний биед хэрэгцээтэй арваад зүйлийн хүчил агуулагддаг байна. Энд энгийн шинэ соргог хүнсний ногоо жимсэнд байдаггүй витамин D маш элбэг агуулагддаг байна. Мөн уургийн агууламж их, өөх тосгүй тул жингээ барихыг хүссэн хүмүүс махны оронд мөөгийг хүнсэндээ орлуулан хэрэглэхийг зөвлөдөг. Холестрин, өөх тосгүй байдаг учир чихрийн шижинтэй хүмүүс хүнсэндээ мөөг хэрэглэхэд зохистой байдаг байна.


Мөн хүнсний бүтээгдэхүүн дэх сахарыг задлахад хэрэгцээтэй байдаг инсулин болон энзим, мөөгөнд ихээр агуулагддаг кальц нь ясыг бэхжүүлдэг. Түүнчлэн цусны даралт тогтворжуулахад тустай бөгөөд цусны даралт бууруулах үйлчилгээтэй потасиумыг ихээр агуулдаг аж.


Цагаан мөөгний нэг онцлог чанар нь маш олон төрлийн шим тэжээл агуулдаг, энэ нь шарж хуурах, чанах, бүр богино долгионы зууханд болгож хүнсэндээ хэрэглэхэд уг шим тэжээлүүд огт алдагдахгүйгээр хүний биед очдогоороо давуу юм.


ХОРТОЙ МӨӨГИЙГ ӨНГӨӨР НЬ ТАНЬЖ БОЛНО


Мөөг бүхэн сайн уу гэвэл бас үгүй, хортой мөөг гэж бий. Хүмүүс хүнсэндээ мөөг хэрэглэх дээ хортой эсэхийг тэр бүр сайн мэддэггүйгээсээ болж хордох тохиолдол гардаг байна.


Монгол оронд хортой мөөг цөөнгүй байдаг байна. Хэдийгээр хортой мөөг идэшний мөөгнөөс цөөхөн нь ч хор уршиг ихтэй юм. Иймээс хортой мөөгнүүдийг идэшний мөөгнөөс ялгаж сурах нь чухал. Мөөгний ангилал, төрөл зүйл, хэрэглээний талаар судлаач Г.Уранчимэг "Монгол орны хүнсний мөөг" (2004) номдоо тодорхой өгүүлжээ. 


Хортой мөөгийг дотор нь хэд хэд ангилдаг байна. Тухайлбал:

-Хоол боловсруулах эрхтнийг хордуулдаг мөөгний хордлого цагийн дотор илэрч, долоо хоног хүртэл үргэлжлэх бөгөөд сул биетэй нэгнийг үхэлд ч хүргэдэг байна.  

-Мэдрэлийн системд нөлөөлдөг хортой мөөг идвэл тэр дорхноо мэдрэгдэж инээх, уйлах, хий юм харах, ухаан алдаж унах зэрэг шинж тэмдгээр илэрнэ.

-Хор нь цусны сийвэнд нөлөөлдөг мөөг бас бий. Ийм мөөгний хордлого тэр дорхноо илэрдэггүй учраас маш аюултай юм.


Хортой мөөгийг өнгөөр нь таньж болдог байна. Мөөг хэдий хурц, гоё өнгөтэй байх тусмаа хортой байх магадлал өндөр юм. Мөн хортой мөөгийг хагалж наранд тавихад хэсэг хугацааны дараа өнгө нь хувирч эхэлдэг бөгөөд хортой мөөг чанасан уусмалд мөнгөн халбага хийж үзэхэд харладаг шинж чанараар нь бас таньж болдог байна.


Мөөг хөгшрөхөд түүнд агуулагдаж буй бодисууд задарч эхэлдэг учир удаан хадгалсан хүнсний мөөгөнд, мөн давсалсан, цуунд дарсан мөөг хадгалсан савнаас, эсвэл мөөгийг буруу боловсруулсан зэргээс хорддог байна.


Мөөг нь хялбар гэмтдэг тул түүнийг түүсэн даруйдаа хатаах буюу давслах хэрэгтэйг санах хэрэгтэй. Монгол цагаан мөөгнөөс гадна бор, хар, далайн, хясаа гэх мэт олон мөөгийг монголчууд сүүлийн үед хэрэглэж байна.


Бор болон хар мөөгийг урд хөршөөс оруулж ирж хэрэглэж байгаа бол ОХУ-аас сибирийн мөөгийг оруулж ирдэг байна.


Хятадын уламжлалт анагаах ухаанд хар мөөгийг олон удаа хэрэглэж байгаа хэдий ч шинжлэх ухааны судалгаа нь дөнгөж эхэн үедээ байгаа бөгөөд хар мөөгийг дархлааг сайжруулж, нянгийн эсрэг үйлчилгээтэй гэдгийг тогтоогоод байгаа юм. Гэвч мөөгний тухай илүү их судалгаа шаардлагатай гэдгийг эрдэмтэд хэлж байна.


ХЯСААН МӨӨГИЙГ СЭЛЭНГЭ, ТӨВ АЙМАГТ ТАРИАЛЖ ЭХЛЭЭД БАЙНА




Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны “Бугант баян жин” нөхөрлөл, Төв аймгийн Зуунмод сумын “Агро" комбинатад хясаан мөөгийг тариалан хүнсний аюулгүй байдал хангасан, шинэ мөөгөөр хэрэглэгчдийг хангаж эхэлжээ.




Хясаа мөөгний тэжээлийн хамгийн тохиромжтой, тааламжтай орчин нь хусны үртэс юм. Тариалсан мөөг 25 хоногт гардаг. Мөөг өөрөө хөрсөн дороо байдаг бөгөөд ил харагдаж байгааг хуурамч жимс гэдэг байна. Мөөг маш цэвэр, ариун байдалд ургадаг онцлогтой.


Мөөг тариалахад цаг хугацаа орохоос гадна гэрэл цахилгаан, манант орчин, хусны үртэс, элсэн чихэр гээд олон зүйл шаарддаг байна.


Нойтон мөөгийг хөргөгчид 7 хоног хадгалж болох бөгөөд хатааж нунтагласан мөөгийг бүтэн жилийн турш хэрэглэж болдог байна. Харин өндөр хэрэглээнд зориулан оливын тосонд дарсан мөөгийг 2 сарын туршид хэрэглэдэг байна. Нийтийн хэрэглээнд зориулан гаргасан мөөгийг сарын хугацаанд хэрэглэж болно гэж “Бугант баян жин” нөхөрлөлийн микробиологич М.Энэбиш ярьсан.  


МӨӨГНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖСЭНЭЭР ДОТООДЫН ХЭРЭГЦЭЭГ ХАНГАХ БҮРЭН БОЛОМЖТОЙ




Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөнийг дэмжих ажлын хүрээнд ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр хүнсний нэг чухал салбар болох мөөг үйлдвэрлэлийн салбарын төлөөлөлтэй уулзахдаа “. . . мөөгний үйлдвэрлэлийг кластераар хөгжүүлэх үндэслэл боловсруулах, байгалийн мөөгийг зөв таньж, зохистой хэрэглэх соёлыг хэвшүүлэх, шинжлэх ухааны үндэслэлийг олон нийтэд таниулах, салбарын боловсон хүчнийг бэлтгэх, сургалтын материаллаг бааз, лабораторийг бэхжүүлэх, дэвшилтэт технологи, инновац нэвтрүүлэх аргаар “Хүнсний хангамж, аюулгүй байдал” хөдөлгөөнд мөөгний салбарын оролцоог нэмж, мөөгийг шинжлэх ухааны үндэстэй тарьж, ургуулах боломж бүрдүүлэх зэрэг мөөгний салбарын баримтлах бодлого чиглэлийн талаар ярилцсан байна.


Мөн мөөгний салбарын мэргэжилтэй боловсон хүчний нөөцийг нэмэх, давтан сургах бодлого, хөтөлбөр хэрэгжүүлэх, их дээд сургуульд мөөг судлалын хичээлийн хөтөлбөр нэмж оруулах.


Монголд үйлдвэрлэсэн мөөгийг хүнсний жагсаалтад шинэ таримлаар нэмж оруулах, мөөгний үрийн материалыг мөөгний мицел (таримал мөөгний цэвэр өсгөвөр) хэмээн нэрлэх, ЖДҮ үйлчилгээ эрхлэгч нь мөөгний кластерын хэлбэрээр үйл ажиллагаа явуулах тохиолдолд мөөгний үйлдвэрлэлийн онцлогийг харгалзан төмс, хүнсний ногоо, нарийн ногоо, газар тариалангийн үйлдвэрлэлээс тусад нь авч үзэх, мөөг үйлдвэрлэгчдэд тулгарч буй татвар, хөрөнгө оруулалт, зээлийн асуудлыг шийдэх хэрэгтэй”-г ч ярилцжээ.  


Ингэж мөөгний үйлдвэрлэлийг дэмжсэнээр хүнсний мөөг, мөөгөн бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээг хангах бүрэн боломжтойг ХХААХҮЯ мэдээлсэн юм.   


МӨӨГ БОЛ ВИТАМИН


"Мөөг бол витамин, эрдэс, үл исэлдүүлэгч юм" хэмээн Тохоку их сургуулийн эпидемиологийн тэнхимийн доцент Шу Жан хэлжээ.  


Хоол хүнсэндээ мөөг тогтмол хэрэглэх нь түрүү булчирхайн хорт хавдар үүсэх эрсдэлийг бууруулдаг болохыг сүүлийн үеийн судалгааны дүн харуулжээ. Ялангуяа 50 болон түүнээс дээш насны хоол хүнсэндээ жимс, ногоо хэрэглэхээс илүү мах, сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэдэг эрчүүдэд энэ нь хамааралтай байсан байна.


Мөөг нь махнаас илүү уургийн агууламжтай, эрүүл мэндийн ач тусаараа дээгүүрт ордог, их хэмжээний В төрлийн витамин агуулагдахаас гадна тэр бүр хоол хүнсээрээ авч чаддаггүй Д витамин ихээр агуулдаг байна. Мөн тархины санах ойг дэмжиж, чихрийн шижинтэй, харвалт өгсөн хүмүүст сайнаар нөлөөлж, дархлааг дээд зэргээр сэргээж өгдөг байна.


Мөөгний тухай цухас дурдахад ийм байна. Мөөгний талаарх судалгаа дэлхий нийтэд одоо л эхэлж байгаа бөгөөд цаашид нарийн судалгаа хэрэгтэйг эрдэмтэд сануулж байгаа юм.  

Related news