ДОРНОД: Гэр бүлийн уншлагын танхимаар ээжүүд голдуу үйлчлүүлдэг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДЧойбалсан, 2025 оны нэгдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Төв номын сан Гэр бүлийн уншлагын танхимыг шинээр нээжээ.
Өнгөрсөн оны сүүлээр нээсэн тус танхимаар голдуу ээжүүд үйлчлүүлж байна. Гэр бүлийн уншлагын танхимаар үйлчлүүлэгчид хүүхдээ тоглуулангаа 3-5 үлгэрийн болон бусад төрлийн номтой богц сонгон авч, гэр бүлээрээ ном унших боломжтой. Мөн үйлчлүүлэгчдийнхээ тав тухыг хангах үүднээс кофе шоп нээн ажиллуулж байгаа юм.
Сонирхуулахад, ноднин жил тус номын сан 13 мянган иргэнд 20 гаруй ном, сонин олгосноос 750 нь шинэ үйлчлүүлэгч байсан байна. Гэрээр ном олгох танхимаар ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд үйлчлүүлэхэд илүү дөхөм байдаг. 2012 оноос эхлэн ийнхүү үйлчилж байгаа тус танхимд 1960 оноос өнөөдрийг хүртэлх тогтмол хэвлэл бий.