Урт хугацаандаа бүх нийтээрээ татвар төлдөг тогтолцоо руу шилжинэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-01-30 17:16:53

Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. УИХ-ын даргын 2024 оны 292 дугаар захирамжаар байгуулсан ажлын хэсэг, Төсвийн байнгын хороо хамтран “Татварын хуулийн шинэчлэл” сэдвээр цуврал хэлэлцүүлэг зохион байгуулж буй. Энэ хүрээнд “Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн хэрэгжилт, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт гурав дахь хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордонд боллоо.


Монгол Улсын татварын тогтолцоо 1990 оноос хойших хугацаанд нийгэм, эдийн засгийн хөгжил, цаг үеийн нөхцөл шаардлагаас хамаарч Засгийн газраас татварын бодлого, шинэчлэлийг хэд хэдэн үе шаттай хэрэгжүүлж эхэлсэн. 2020 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс хэрэгжсэн татварын шинэчлэлийн хүрээнд Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгад татварын хялбаршуулсан тогтолцоог нэвтрүүлэх, бичил худалдаа, ажил, үйлчилгээний орлого олж буй хувь хүний татварын харилцааг энгийн ойлгомжтой болгох, гадаад улсад төлсөн татварыг төлбөл зохих татвараас хасаж тооцох, Монгол Улсад байнга оршин суугч болон оршин суугч бус татвар төлөгчийн албан татвар төлөх, тайлагнах хугацааг тодорхой болгох, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх, энэ харилцааг боловсронгуй болгох, зарим төрлийн албан татварын хувь хэмжээг буулгах зэрэг зарчмын өөрчлөлтийг хуульчилсан. Гэсэн хэдий ч хуулийн зарим зохицуулалт нь татвар төлөгчдөд таатай бус, үр дүнгүй байгаа талаар холбогдох судалгаа болон иргэд, аж ахуйн нэгжүүдээс гаргаж буй санал гомдолд дурдагдсаар байгаа тул энэ удаагийн хэлэлцүүлгийг хийж буйг УИХ-ын гишүүн Р.Батболд онцлов.


Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүн “Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн хэрэгжилт, өнөөгийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээ” сэдвээр тавьсан.
Тэрбээр илтгэлдээ, 2019 онд уг хуульд шинэчилсэн найруулга хийсэн. Монгол Улс 2007 он хүртэл эл татвар өндөр шатлалтай байсан. Бид шинэ системийн тогтолцоо руу шилжсэнээс хойш 10 гэсэн суурь татварын хувь хэмжээтэй болсон. Мөн 10 хувийн татварыг дэлхийн бусад улс оронтой харьцуулахад өндөрт тооцогдохгүй, одоогийн байдлаар хуулийн хүрээнд нийт 12 хөнгөлөлт, 9 чөлөөлөлт үзүүлж байна.


ХХОАТ-тай холбоотой хамгийн гол асуудал нь хувиараа бизнес эрхэлдэг хүмүүсийн татварыг хэрхэн, яаж тайлагнуулах вэ гэдэгт байдаг. Иймд салбарын яамнаас урт хугацаандаа бүх нийтээрээ татвараа тайлагнадаг, төлдөг тогтолцоо руу захиргааны бус эдийн засгийн хөшүүргийн аргаар шилжүүлэхээр ажиллаж байна. Хөнгөлөлт, чөлөөлөлтүүд бага орлоготой иргэдийн хувьд шаталсан хэлбэрээр тодорхой хэмжээнд хэрэгжиж байна. Харин бизнесийн орлоготой иргэд хялбаршуулсан горимд хамрагдаад нэг хувийн татвар төлөх боломжийг бүрдүүлсэн. Эл татвараас тэтгэвэрт гарсан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд чөлөөлөгддөгийг илтгэгч онцолж байлаа.

 

Энэ сарын 29-ний өдрийн байдлаар, 36 мянган иргэн, 52 мянган аж ахуйн нэгжээс 120 мянга гаруй санал ирүүлсэн аж. Уг саналд татварын шатлалын хувь хэмжээг бууруулахыг илүүтэй тусгасан бөгөөд Сангийн яамнаас одоо хэрэгжиж буй хөнгөлөлт, чөлөөлөлтөд дүн шинжилгээ хийж, оновчтой, хүртээмжтэй болгоход чиглүүлэх, татвар ногдох орлогод хамаардаггүй орлогын шинэ эх үүсвэрүүдийг судлах, татвар төлдөггүй, зайлсхийдэг иргэдийг хамруулахад анхаарах бодлогыг баримтлах юм байна.

 

Хэлэлцүүлэгт тавьсан илтгэл, сэдвийн хүрээнд оролцогчид асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Түүнчлэн оролцогчид хувь хүний орлогын албан татвар нь ирээдүйн татварын бааз суурь болох учраас Сангийн яам, мэргэжлийн байгууллагууд онцгойлон анхаарах, эл хуулийн шинэчлэлтэд нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын системийг нэвтрүүлсэн шиг  дэд бүтэц дээрээ тулгуурлан зоригтой шинэчлэл хийж, төлсөн татвараасаа жилийн эцэст тодорхой хувийг урамшуулал болгон олгодог болох зэрэг саналыг хэлж байв хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Related news