Ж.Ариунзул: Зүү ороохыг шимтэж, дурлаж сурсан
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЯРИЛЦЛАГА
Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Өнөө жил бид "Монголын сайхан бичигтэн-2024" олон улсын уралдаанаа 28 дахь жилдээ амжилттай зохион байгуулсан. Энэхүү уралдааны бичвэрийн бус бүтээлийн ангилалд тэргүүн байр эзэлсэн, монгол хэл, бичгээ дээдлэн суралцахын сацуу өв соёлоо уламжилж яваа нийслэлийн Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургуулийн 12-ын "б" ангийн сурагч Ж.Ариунзултай ярилцсанаа толилуулж байна.
-Юуны өмнө “Монголын сайхан
бичигтэн-2024” олон улсын уралдааны
“Бичвэрийн бус бүтээл”-ийн ангилалд тэргүүн байр эзэлсэнд баяр хүргэе. Манай уралдаанд анх удаагаа
оролцоод тэр ч бүү хэл тэргүүн байр эзэллээ шүү дээ. Уралдааны тухай мэдээллийг
анх хаанаас авч байв?
-Манай анги даасан багш жил бүр энэхүү уралдааны үзэсгэлэнг үздэг. Мөн “Хүмүүн бичиг” сониныг тогтмол захиалан уншдаг. Тиймдээ ч дугуйлангийнхаа сурагчдыг уриалан уралдаанд оролцох санааг гаргасан.
-Хэзээ
байгуулагдсан, ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дугуйлан вэ?
-Манайх жилийн өмнө байгуулагдсан, монгол бичгийн “Гэгээн эгшиглэн” гэдэг дугуйлан байдаг. Дугуйланг Г.Даваанасан багш хичээллүүлж, хичээнгүй бичиг болон бийрийн бичлэгийг заадаг. Харин өнгөрсөн хавар бид “Зүүн хүрээ” хийдийн М.Эрдэмбилэг багшаар хулсан үзгээр бичихийг заалгасан. Харин одоо Э.Анхбаяр багшаар бийрийн бичгийн хичээл нэмж заалгахаар төлөвлөж байгаа.
-Дугуйлан нийт хэдэн сурагчтай
вэ?
-Бид 6-12 ангийн нийт 26 сурагчтай үйл ажиллагаагаа явуулж байна.
-“Монголын сайхан бичигтэн-2024” олон улсын уралдааны 12-р ангийн
ангилалд хулсан үзгийн тигээр бичиж оролцсон шүү дээ. Бүтээлээ хэр
хугацаанд бэлдсэн бэ?
-Би хулсан үзгийн тигээр зун бичиж сурсан. Бийрээр хараахан бичиж сураагүй байсан л даа. Сонгосон сэдвээрээ эсээгээ бичээд, хөрвүүлээд алдаагаа хяначихсан байсан. Бүтээлээ өгөхөөсөө өмнө М.Эрдэмбилэг багшаасаа зөвлөгөө авъя гэж бодоод очсон. Тэгээд бүтээлээ нэг шөнийн дотор ноороглохгүйгээр бичиж дуусгасан.
-Хулсан үзгийн тигээр бичиж сурах
хэр хүнд санагдсан бэ?
-Амархан санагдсан. Хамгийн гол нь үндсэн техникээ эхнээс нь зөв арга барилаар бичиж сурах нь чухал юм билээ.
-Монгол бичгийг түүртэхгүйгээр
сурах арга барилыг хэрхэн олж авав. Гүнзгийрүүлэн монгол бичгийг хэзээнээс сурч
эхэлсэн бол?
-Би өмнө нь өөр сургуульд суралцдаг байсан. Тэр үед бичих чадвар сайн байсан ч унших чадвар болоод бусад мэдлэг жаахан дутмаг байсан. Харин 34-р сургуульд шилжиж ирэхэд монгол бичгийн багш маань намайг олимпиадад бэлдэхээр болсон юм. Тэр үеэс монгол бичгийн хичээлдээ илүү дуртай бас сайжирсан.
-Тэгвэл цаашдаа монгол хэл,
бичгийн чиглэлээр суралцах, мэргэжил
эзэмших төлөвлөгөө бий юу?
-Одоогоор тийм төлөвлөгөө байхгүй. Цаашид эрх зүйн чиглэлээр суралцах төлөвлөгөөтэй байна.
-Хоёулаа ярилцлагаа уралдаанд
ирүүлсэн бүтээлийн талаар нь үргэлжлүүлье. 12-р ангийн сурагч зүү ороож даалин
урлана гэдэг маш бахархалтай бахдам бас суралцмаар санагдаж байна л даа. Анх
хэзээ зүү ороох оёдлыг сурсан бэ?
-Гурван жилийн өмнөөс, есдүгээр ангид байх үед манай бэр эгч буурал аавдаа хөөргөний даалин урлаж бэлэглэхийг нь хараад сурах юм сан гэж бодогдсон. Тэр мөчид үнэхээр гоё юм байна гэж бодоод шимтэж, дурлаж сурч эхэлсэн.
-Тэгэхээр бэр эгчээрээ заалгасан
гэсэн үг үү. Гэр бүлд нь өөр зүү ороож урладаг хүн байдаг уу?
-Манай гэрт зүү ороодог хүн байхгүй. Технологийн хичээл дээрээ багшаараа заалгаж байсан. Мөн түүний хажуугаар Youtube-ээс бичлэг үзэж бие даан сурч байгаа.
-Бие даан чадвараа ахиулж байгаа
нь маш бахархам юм... одоогоор нийт хэдэн даалин урласан бол?
-Миний хувьд жилд хоёр даалин оёдог. Гурван жилийн хугацаанд нийт зургаан даалин оёсон.
-Уралдааныхаа даалинг хэдий хэр
хугацаанд оёсон бэ?
-Хавраас энэ уралдаанд оролцох бодолтой байгаагаа хэлэхэд багш маань, “Чи өөрийнхөө давуу талыг ашиглаад бүтээл хийвэл ямар вэ” гэсэн. Тэгээд л зунаас бүтээлийнхээ санааг бодож, бодож 11 сараас бүтээлээ эхлээд сар гаруйн хугацаанд даалингаа оёж бэлэн болгосон.
-“Монголын сайхан бичигтэн”
уралдааны тухай чиний бодол...
-Энэхүү уралдаан бүх хүнд нээлттэй байсанд их баярласан. Хүн бүрт оролцох боломж, цар хүрээг нь нээлттэй, мэдээлэл нь олонд хүртээмжтэй, зохион байгуулагчид нь эргэх холбоо сайтай байсан нь таалагдсан.
-Дараа дараагийн уралдаан ч мөн
нээлттэй шүү дээ. Мэдээж бусад ангилалд ч оролцох боломжтой...
-Баярлалаа. Оролцоно оо. Бусад ангилал болоод энэ ангилалдаа бүтээлээ илүү сайжруулж оролцох болно.
-Уралдаанд анх удаа оролцоод,
түрүүлэхэд нь гэр бүлийнхэн болоод багш нь их баярласан байх даа...
-Уралдааны дүнг анх сонсоод маш их баярласан. Ээж минь бүр их баярласан. Багш маань ч мөн адил их дэмжиж байсан болохоор баярласан.
-Манай уралдаанд оролцох хүсэлтэй
үе тэнгийнхэндээ хандаж юу хэлэх вэ?
-Өөрийгөө голохгүйгээр хүссэн ангилалдаа оролцоод үзээрэй. Байр эзлэх, эзлэхгүйдээ биш оролцоо, өөрийгөө сорих нь чухал шүү. Оролцох явцдаа өөртөө авч буй туршлага, мэдлэг олох нь чухал юм билээ.
-Ярилцсанд баярлалаа, цаашдын сурлага хөдөлмөрт нь амжилт хүсье.