Зарим тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-10-31 19:22:11

Сэлэнгэ аймгийн Засаг дарга ЭМГ, Нэгдсэн эмнэлэг дээр ажиллах үеэрээ аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг олон талт арга хэлбэрээр, үр дүнтэй авч хэрэгжүүлэхийг онцгойлон анхаарна гэдгээ хэллээ.  

Сэлэнгэ аймгийн иргэдээс аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэгтэй холбоотой асуудлаар гомдол санал ирүүлэх нь элбэг байдаг юм. Тухайлбал нэгдсэн эмнэлгийн Уламжлалт эмчилгээний тасаг нь Сүрьеэгийн тасагтайгаа нэг дор байрлаж байгаа нь зүйд нийцэхгүй байна. Мөн Хүүхэд, Дотор, Мэдрэлийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа эмчлүүлэгчид уламжлалт эмчилгээний тасгаар эмчилгээ хийлгэхдээ заавал гадагшаа гарч байж, уламжлалын тасагт очиж байгаа нь хүйтэн сэрүүний улиралд эмчлүүлэгчид даарч байна гэх зэрэг гомдлыг удаа дараа тавьж байсан юм. Энэхүү иргэдийн гаргасан гомдлын мөрөөр энэ сарын 28-ны өдөр аймгийн Засаг дарга Ш.Оргил, Засаг даргын орлогч Б.Нарантуяа нар аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцан, холбогдох арга хэмжээг газар дээр нь авч ажиллалаа. Удирдлагууд ажиллах үеэрээ хэвтэн эмчлүүлж байгаа эмчлүүлэгчдийнхээ ая тухыг ханган, гадаа гаралгүй эмчилгээ авах нөхцөл бололцоог бүрдүүлэх үүднээс Нэгдсэн эмнэлгийн байрны нэг хэсэгт байрлаж ажил үйлчилгээгээ явуулдаг Эрүүл мэндийн газрын байрлах өрөө тасалгааг цөөлж, 6 өрөөг суллахаар боллоо. Ийнхүү байр савны асуудлыг байгаа нөхцөл боломжинд нь тулгуурлан газар дээр нь шийдвэрлэлээ.

Мөн тэд хүүхдийн тасгаар орж ажил байдалтай нь танилцлаа. Хүйтэн сэрүүний улиралд тус тасгийн ачаалал эрс нэмэгддэг. Үүнтэй холбогдуулан ханиад томуу, улаан бурхан өвчний дэгдэлт эрс нэмэгддэг тухай тасгийн эрхлэгч, Монгол Улсын гавьяат эмч Г.Тунгалаг танилцууллаа. Үүнээс урьдчилан сэргийлж, шуурхай ажиллахад нь зориулан хүчил төрөгч өтгөрүүлэгч, шарлагын фото аппарат, дуслын шахуурга, хүүхдийн зүрх судас хянах монитор гэх мэт нэн тэргүүнд хэрэгцээтэй байгаа тоног төхөөрөмж авах. Мөн тус тасгийн нэг жигүүрийг өрөө болгон өргөтгөх засвар үйлчилгээний зардалд дэмжлэг үзүүлэхэд зориулж 10 сая төгрөг өгөх шийдвэрийг тус тус гаргалаа.

Аймгийн дарга дээрх асуудлуудтай холбоотой арга хэмжээг түргэн шуурхай авч шийдвэрлэхийг Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийн удирдлагуудад үүрэг болголоо.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

Related news