БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг тэргүүтэй төлөөлөгчид “Их Хуралдай” танхимтай танилцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-04-28 13:36:20

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг энэ сарын 26-30-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.

 

Айлчлалын хүрээнд хоёр тал өнөөдөр албан ёсны уулзалт хийсний дараа Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг болон Үндэсний Ассамблейн гишүүд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны “Их Хуралдай” танхимтай танилцав. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Эзэн богд Чингис хааны эш хөргийг, билиг сургаалынх нь хамт Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага УИХ-ын нэгдсэн хуралдааны “Их Хуралдай” танхимд залсныг онцолж байлаа.

 

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Монгол Улс ардчилсан шинэ Үндсэн хуулиа баталснаас хойш 1992-2024 он хүртэлх хугацаанд бүрдсэн найман удаагийн парламент 76 гишүүнтэйгээр уг танхимд хуралдаж байсныг тэмдэглэв. Тэрбээр, 2024 онд болсон УИХ-ын сонгуулийн үр дүнд улс төрийн таван намын төлөөллөөс бүрдсэн 126 гишүүнтэй парламент байгуулагдсаныг тодотгоод, энэ удаагийн парламентын гишүүд нийгмийн олон бүлгийн төлөөллөөс бүрдсэний зэрэгцээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлсөн хоёр гишүүн сонгогдсон гээд хүний эрхийг дээдлэх, тэгш боломжийг бүрдүүлэх зорилгоор тусгайлан индэр зассан талаар танилцууллаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

 

Related news