Ам.долларын ханш 2620 төгрөг хүртэл өсч, 2500 болж буурав
МОНГОЛЫН МЭДЭЭӨнөө өглөөний байдлаар ам.долларын төгрөгтэй харьцах ханш “Найман шарга” валютын зах дээр 2620 төгрөгт хүрч Төвбанкыг түргэн авахуулав.
Өчигдрийн Гадаад валютын дуудлага худалдаанд оролцоогүй Монголбанк гэнэт ээлжит бус дуудлага худалдаа зарлаж 72.4 сая ам.долларыг 2450 төгрөгийн нэг ханшаар зах зээлд нийлүүлснээр огцом өссөн ханш үдээс хойш буурлаа.
-Монголбанкны Олон нийтийн боловсрол мэдээллийн төвийн захирал Б.Лхагважав ярихдаа, “ Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш огцом суларлаа. Үүнийг Монголбанк тэнцвэрт түвшнээсээ хэт хөөсөрсөн, түр зуурын шинжтэй гэж дүгнэж байна. Засгийн газрын олон улсын санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагчидтай хийх хэлэлцээр үр дүнтэй болж, ойрын хугацаанд санхүүжилтийн асуудал шийдэх хэмжээнд явж байна. Тиймээс Монголбанкнаас ханшийн огцом хэлбэлзлийг тогтворжуулахад шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллана” хэмээн тодотгов.
“Найман шарга” өглөө ам.долларыг 2580 төгрөгөөр авч, 2620 төгрөгөөр борлуулж байсан бол 16.30 цагийн байдлаар 2500 төгрөгт хүрч буурав.
Өнөөдрийн "Найман шарга" валютын арилжааны захын ам.долларын ханшийг цагийн байдлаар хүргэе.
Төвбанкнаас өнөөдрийн зарласан ам.долларын ханш 2453 төгрөгтэй тэнцэж байна.16.00 цагийн байдлаар Төрийн банк ам.долларыг 2430 төгрөгөөр авч 2470, Голомт зэрэг арилжааны 5 банк ам.долларыг 2430 төгрөгөөр худалдан авч, 2470 төгрөгөөр борлуулж байна.
Б.Заяа