“Өсвөрийн цагдаа”-гийн бүлэг ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймгийн Гурвантэс сум дахь Цагдаагийн тасгийн дэргэд “Өсвөрийн цагдаа”-гийн бүлэг ажиллаж байна.
Уг бүлэг 2012 оноос хойш үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд сургуулийн ахлах ангийн сурагчдаас гишүүдээ бүрдүүлдэг гэнэ. Одоогоор тус бүлэг 15-20 хүүхдийн бүрэлдэхүүнтэй үүрэг гүйцэтгэж байгаа ажээ.
Энэхүү “Өсвөрийн цагдаа”-гийн бүлгийг насанд хүрээгүй хүмүүсийн дунд нийгмийн хэв журам хамгаалах, гэмт хэрэг зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх, үе тэнгийн найз нөхдөө муу зуршил, дутагдлаас ангижруулах, түүнээс хамгаалах, бүх талаас тусалж, дэмжих зорилготой байгуулсан байна.
Тус бүлэг нь сурагчдын хичээлийн цагаар сургуулийн орчинд болон бага насны хүүхдийг хамарсан олон нийтийн арга хэмжээний үеэр дэг журам сахиулах мөн сургуулийн насны хүүхдийг гэмт хэрэг зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор эргүүл, хяналтын үүрэг гүйцэтгэдэг ажээ. Ингэснээр гэмт хэрэг, зөрчилийн шинжтэй зүйл илэрсэн тохиолдолд цаг алдалгүй цагдаагийн байгууллагад мэдэгдэж гарч болох ноцтой гэмт хэрэг зөрчлийг таслан зогсооход туслалцаа үзүүлэн ажилладаг байна.
Д.Мишигсүрэн