СҮХБААТАР: Хосгүй үнэт үзмэр буюу үзэмчин эмэгтэйн хувцас

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2026-04-17 17:34:09

Баруун-Урт, 2026 оны дөрөвдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. 2013 онд Монгол Улсын хосгүй үнэт үзмэрээр бүртгэгдсэн үзэмчин эмэгтэйн уламжлалт хувцсыг танилцуулж байна. Энэхүү хувцас нь дээл, ууж, гутал, толгойн гоёл зэргээс бүрдэх бөгөөд иж бүрнээрээ Сүхбаатар аймгийн Угсаатны зүйн музейд хадгалагдаж байна 


Үзэмчин дээл нь нутгийнхны ярьдгаар амьсгал догол гаргадаг, өргөн захтайгаараа онцлогтой. Зарим тохиолдолд дээлийн захыг эргүүлж өмсдөг бөгөөд ийнхүү гадагш эргүүлсэн хэсгийг нь үнэтэй арьс, өнгийн торго, хоргойгоор эмждэг байжээ.


Ялангуяа эмэгтэйчүүдийн дээлийн зах нь өргөн тул ихэвчлэн эргүүлж, олон өнгийн хоргойгоор эмждэг. Захны эмжээрийг дээлийн өнгөтэй зохицуулан хар, улаан, ногоон, цэнхэр зэрэг өнгийн хоргойгоор хийх нь түгээмэл ажээ. Үзэмчин дээлийн энгэр, ташаа, хормой зэрэг нь өргөн тасамтай бөгөөд товч, шилбэний урт нь тасмын өргөнтэй тэнцүү байдаг. Товчийг зангидахгүй, харин урчуудын урласан төмөр, зэс, мөнгөн товчийг хаддаг. Нударга нь цомбогор болон салбан гэсэн хоёр төрөлтэй бөгөөд залуусынх цомбогор, ахмадынх салбан нударгатай байдаг.

 

Ууж нь дээлийн гадуур өмсдөг бөгөөд үзэмчин эмэгтэйн ёслолын өмсгөлд тооцогддог. Уужны энгэр, цээж хэсэг нь хөл, алх хэмээх хоёр төрлийн эмжээртэй бөгөөд дээд алх эмжээр нь төө хэрийн урт, сөөмийн өргөнтэй байдаг. Хөл шилжээрийг өнгийн солонгон тууз болон морин саагаар хийдэг. Мөн уужны хормойн захыг шилжээр, өргөн тасам, солонгон тууз, морин саагаар эмждэгээрээ бусдаас ялгаатай.


Уужинд нь баруун, зүүн ташаа хийдэг бөгөөд ар хормойдоо оноотой байдаг байна. Эзэгтэйн гэрт өмсөх уужны урд хормойн гуравны хоёр хувийг болон энгэр хэсгийг эмжээд, бусад үлдснийг нь эмждэггүй. Уужны зөвхөн хөл алхан дээр товч хадна. Уужны урд хормойн дээд алх, хөл алх, тэдгээрийн доод биеэр давхар эмжиж, мөн уужны ар онооны дээд биед хошуу гарган эмждэг бөгөөд ууж бүрийн хоёр ташаанд бэл зүүх гогцоо гаргадаг.

 

Уужны товчны бэхэлгээг солонгон саагаар даруулдаг бөгөөд долоон өнгийн солонгон эмжээрийн зөвхөн хоёр өнгөнд нь даруулж хаддаг ажээ. Уужны урт нь дээлний урттай тэнцүү байдаг. Мөн гэрийн уужнаас гадна гоёлын ууж гэж тусдаа байдаг.

 

Үзэмчин гутлыг булигаар арьсаар хийдэг бөгөөд уламжлалаар хээ угалз тавьдаггүй байжээ. Харин сүүлийн үед хааяа угалзтай гутал өмсөх болсон байна. Оймсны хараанд нохой, сүүл, догол хүрээ, хос зээг зэрэг хээг гарган чимэглэдэг ажээ. Гутлын улыг цаас, шир, эсгий зэрэг материалаар хийдэг. Үзэмчин гутал нь хошуу даруу хийцтэйгээрээ онцлог. Мөн хийсэн эдлэлээс нь хамааран гутлыг ялган нэрлэхийн зэрэгцээ жилийн улирал, ажлын төрөлд тохируулан өмсдөг байна.


Толгойн гоёл, зүүсгэл нь нэг цогц бүрдэл болдог. Дан улаан шүрийг хэлхэн чимэглэж, дундуур нь мөнгө, тана зэрэг эрдэнээр гоёл чимэглэл хийдгээрээ онцлогтой.

 

Аймгийн Угсаатны зүйн музейн сан хөмрөгт хадгалагдаж буй уг гоёл нь Эрдэнэцагаан сумын харьяат Өлзийтийн Хорлоо хэмээх эмэгтэйн хэрэглэж байсан гоёл бөгөөд гайхалтай ур хийцтэй. Толгойн уг гоёлд улаан шүрийг хэлхэн үелүүлэн тойруулж, шүрний завсраар таван ширхэг зууван хэлбэртэй мөнгөн толийг хадаж чимэглэсэн байна. Мөн хоёр талын шанаавчийг мөнгөөр хийж, үзүүр болон дунд хэсгүүдэд нь улаан шүрийг шигтгэн урлажээ.


Related news