ГОВЬ-АЛТАЙ: Математик, физикийн нэгдсэн олимпиадыг анх удаа зохион байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2026-04-20 13:32:13

Есөнбулаг, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймагт эрчим хүчний салбар үүсэж хөгжсөний түүхт 60 жилийн ойг тохиолдуулан “Ирээдүйн инженерүүд-Эх нутагтаа” сэдэвт математик, физикийн нэгдсэн олимпиад болон эсээ бичлэгийн уралдааныг анх удаа санаачлан зохион явуулж байна.


Энэхүү үйл ажиллагааг нээж "Алтайн Улиастайн цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Цэдэвсүрэн хэлсэн үгэндээ, “Энэхүү олимпиад нь сурагчдын шинжлэх ухаан, инженерийн чиглэлийн сонирхлыг нэмэгдүүлэх, авьяас чадварыг нээн хөгжүүлэх, улмаар төрөлх нутагтаа эргэн ирж ажиллах ирээдүйн инженер, техникийн мэргэжилтнүүдийг бэлтгэхэд чухал ач холбогдолтой юм” хэмээн онцлон тэмдэглэлээ.


Мөн цаашид байгууллагын хүний нөөцийн бодлогын хүрээнд эрчим хүчний салбарт шаардлагатай мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор сурагч, оюутнуудад чиглэсэн тэтгэлэгт хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлэх алсын зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгааг дурдлаа.


Тус үйл ажиллагаа нь сурагчдын математик, физикийн мэдлэг чадварыг ахиулах, шинжлэх ухаанч сэтгэлгээг төлөвшүүлэх, инженерийн мэргэжлийг сонгох сонирхлыг нэмэгдүүлэх, орон нутгийн эрчим хүчний салбарын залгамж халааг бэлтгэхэд онцгой ач холбогдолтой юм.


“Алтайн Улиастайн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК нь байгууллагын алсын хараа, хүний нөөцийн бодлогын хүрээнд чадварлаг инженер, техникийн мэргэжилтнүүдийг бэлтгэхэд тууштай дэмжлэг үзүүлэн ажилладаг. Тухайлбал, сүүлийн жилүүдэд ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид, тэр дундаа инженерийн мэргэжлийг сонирхож буй хүүхэд, залууст уг мэргэжлийн онцлог, давуу талыг таниулах зорилгоор мэргэжил сурталчлах ажлыг тогтмол зохион байгуулж иржээ.

Ингэхдээ сурагчдыг байгууллагадаа урьж, харилцан яриа өрнүүлэхийн зэрэгцээ дизель станц, нарны цахилгаан станц, Тайширын усан цахилгаан станцын үйл ажиллагаатай газар дээр нь танилцуулж, мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөмж, мэдээлэл хүргэдэг уламжлал тогтсон байна.

Related news