Түншлэлийг хөгжүүлэх 50 гаруй төслийг танилцуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2026-04-20 16:08:33

Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. “Төр, хувийн хэвшлийн түншлэл -Хөрөнгө оруулалтын боломж” 7 хоногийг дөрөвдүгээр сарын 20-23-нд Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд зохион байгуулж байна.


ЭЗХЯ, МҮХАҮТ, Төр хувийн хэвшлийн түншлэлийн төв, НЗДТГ, АХБ-ны дэмжлэгээр зохион байгуулах эдгээр өдрөөр хөрөнгө оруулалтыг хэрхэн татах, аймаг, нийслэлд ямар хөрөнгө оруулах болон дэд бүтэц, төрийн үйлчилгээ, боловсролын салбарт түншлэлийг хөгжүүлэхээр заасан 50 гаруй төслийг танилцуулж байна.


Долоо хоногийг нээж Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн үг хэлэхдээ, Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд 88 томоохон төсөл, үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тусгасан. Эдгээр төслийг хэрэгжүүлэхэд 70 гаруй их наяд төгрөг шаардлагатай. Үүний дөнгөж 10 хувийг улсын төсвөөс санхүүжүүлэх боломжтой. Үлдсэн 90 хувийг хувийн хэвшлийн оролцоотой, түншлэлийн зарчмаар шийдэх шаардлагатайг онцоллоо.


“Төр, хувийн хэвшлийн түншлэлийн бодлого, хамтын ажиллагаа” сэдвээр болсон өнөөдрийн хэлэлцүүлгийн үеэр ЭЗХЯ-ны Төр, хувийн хэвшлийн түншлэлийн газрын дарга Т.Баясгалан ярихдаа, "Засгийн газрын томоохон бүтээн байгуулалтыг 

төсөв болон гадаадын хөрөнгө оруулалтаар шууд хэрэгжүүлэх боломжгүй. Хөрөнгө оруулах хууль эрх зүйн орчин нэг үеэ бодвол сайжирсан тул хууль тогтоомжоос үүдэн төсөл саатах шалтгаан байхгүй болсон. Түншлэлийг хөгжүүлэх төслүүдэд тухайн компани эхлээд саналаа ирүүлнэ. Мэдээж саналыг шууд шийдэхгүй, төслийн үр дүн, төсөвт үзүүлэх нөлөөллийн судалгааг зургаан сарын хугацаанд хийж, Засгийн газарт гэрээний заалт бүрээр танилцуулсны үндсэн дээр сонгон шалгаруулалт хийдэг. Төсөл бүр ялгаатай, өөр өөр хөрөнгө оруулалт, нөхцөл байдалтай. Одоогоор Мөрөн-Улиастай чиглэлийн 261.8 км урт авто замын сонгон шалгаруулалт дууссан тул гэрээнд ойрмогхон гарын үсэг зурна. Энэ замыг 3 жилийн хугацаанд тавьж дууссаны дараа ЭЗХЯ, ЗТЯ, Хөвсгөл, Завхан аймгийн Тамгын газрууд гэрээний хэрэгжилтийг хянах юм. Төрөөс газар олгох, үйлчилгээг нь худалдан авах зэрэг татварын болон татварын бус дэмжлэг үзүүлдэг” гэдгийг хэлж байлаа.


“Төр, хувийн хэвшлийн түншлэл -Хөрөнгө оруулалтын боломж” долоо хоног нь “Дэд бүтцийн салбарт түншлэлийн төсөл хэрэгжүүлэх нь”, “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн чадавхыг бэхжүүлэх нь”, “Аймаг, нийслэлд түншлэлийн төсөл хэрэгжүүлэх нь”, “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн форум-2026” сэдвээр үргэлжилнэ. Энэ нь төр, хувийн хэвшлийн түншлэлийн эрх зүйн орчин, төсөл хэрэгжүүлэх үе шат, түншлэлээр хэрэгжүүлэх төслүүдийн мэдээллийг танилцуулж, түншлэгч, хөрөнгө оруулагчдын хоорондох хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлох зорилготой ажээ. 

Related news