Korean Air компани "WTCE 2026"-ын 3 арга хэмжээнээс нислэгийн үеийн үйлчилгээний төрлөөр 13 шагнал хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
batbold.sh@montsame.gov.mn
2026-04-23 09:43:07
@ShoovdorBatbold

Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Korean Air компани дэлхийн нэр хүнд бүхий "WTCE 2026"-ын 3 томоохон арга хэмжээнээс нислэгийн үеийн үйлчилгээний төрлөөр 13 шагнал хүртэж, өрсөлдөх чадвараа батлан харууллаа. 


Тодруулбөл, дөрөвдүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн гурван өдрийн турш ХБНГУ-ын Хамбург хотноо зохион байгуулагдсан "Дэлхийн аяллын кейтеринг болон нислэгийн үйлчилгээний экспо (WTCE) 2026"-ын хүрээнд эдгээр 13 шагналыг хүртсэн талаараа компаниас 17-ны өдөр мэдэгдэв. 


Тухайлбал, дөрөвдүгээр сарын 14-нд ХБНГУ-ын Хамбург хотноо болсон "Onboard Hospitality Awards"-аас 4 төрөлд, "Travel Plus Airline Amenity Awards’"-аас 5 төрөлд шагнал хүртэв. Мөн дөрөвдүгээр сарын 15-нд "PAX Leadership Awards"-аас 4 төрөлд шагнал авч, харилцагчийн үйлчилгээг сайжруулах хүчин чармайлтаа үнэлүүллээ. 


WTCE нь 2012 оноос эхлэн 15 дахь жилдээ зохион байгуулагдаж буй дэлхийн хамгийн том зорчигч тээврийн үйлчилгээний салбарын үзэсгэлэн бөгөөд глобал  үзэсгэлэн, яармагийн төрөлжсөн компани болох X (Reed Exhibitions Limited)-аас зохион байгуулдаг юм. Уг арга хэмжээнд дэлхийн агаарын тээврийн компаниуд, кэйтэрингийн үйлчилгээний байгууллагууд, төмөр замын операторууд оролцдог. Энэ жилийн арга хэмжээ дөрөвдүгээр сарын 14-16-нд ХБНГУ-ын Хамбург Мессе (Hamburg Messe)-д зохион байгуулагдлаа. 


Хүртсэн шагналууд:

1. 2026 Onboard Hospitality Awards: (Агаарын хөлөг онгоц, төмөр замын салбар)

  1. Нэгдүгээр зэрэглэлийн аяллын иж бүрдэл (Amenity kit)
  2. Нэгдүгээр зэрэглэлийн унтлагын хувцас
  3. Дээд зэрэглэлийн суудлын ор дэрний хэрэглэл
  4. Дээд зэрэглэлийн суудлын аяга таваг, хооллох хэрэгсэл гэсэн 4 төрөлд дэлхийн нисэхийн салбарын мэргэжилтнүүдийн хатуу шүүлт, ганцаарчилсан санал хураалтад тулгуурлан сонгогдов.

2. TravelPlus Airline Amenity Awards: 

  1. Дэлхийн зорчигчдын нэрэмжит 5 одтой үйлчилгээний үнэлгээ
  2. Нэгдүгээр зэрэглэлийн аяллын иж бүрдэл (эрэгтэй)
  3. Нэгдүгээр зэрэглэлийн хоолны хэрэгсэл
  4. Нэгдүгээр зэрэглэлийн ор дэрний хэрэглэл
  5. 6 хүртэлх насны хүүхдүүдэд зориулсан дурсгалын бэлэг гэсэн 5 төрөлд шагнал хүртсэн байна.

Тус шагналыг Их Британийн аяллын мэргэшсэн медиа болох TravelPlus зорчсон зорчигчдын бодит дүгнэлт болон санал бодол дээр тулгуурлан нэгтгэн шалгаруулсан байна.


3. 2026 PAX Leadership Awards: 

  1. Шилдэг үйлчлүүлэгчийн сэтгэгдэл
  2. Шилдэг бүхээгийн интерьер
  3. Нэгдүгээр зэрэглэлийн аяллын иж бүрдэл
  4. Бизнес ангиллын ор дэрний хэрэглэл гэсэн 4 төрөлд Азийн агаарын тээврийн компаниудаас шалгарч шагнал авав.

Энэхүү амжилт нь Korean Air өнгөрсөн жил компанийн шинэ имидж (CI)-дээ нийцүүлэн нислэгийн хэрэглэлүүдээ бүрэн шинэчилсний үр дүн юм. Тухайлбал, нэгдүгээр зэрэглэлд Graff брэндийн арьс арчилгааны бүтээгдэхүүн, Frette брэндийн ор дэрний хэрэглэл, мөн Bernardaud болон Armani/Casa брэндийн аяга таваг зэрэг дэлхийн тансаг зэрэглэлийн брэндүүдтэй хамтран ажиллаж байна. 


Korean Air компанийн төлөөлөгч "Энэхүү шагнал нь манай өндөр зэрэглэлийн үйлчилгээний чанарыг дэлхий дахинд баталсан хэрэг бөгөөд цаашид ч зорчигчдын сэтгэл ханамжийн төлөө үйлчилгээгээ сайжруулсаар байх болно" гэж онцоллоо. 


Related news