Монголчуудын хоёр дахь медалийг Э.Шүрэнцэцэг гардлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. 10 жилийн дараа эргэн ирсэн Азийн элсний спортын наадамд оролцож буй Монголын багийн хоёр дахь медалийг олон улсын хэмжээний мастер Э.Шүрэнцэцэг эх орондоо авч ирлээ.
Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд зодоглосон тэрбээр эхний тойрогт хийлсэн бол шөвгийн наймд БНСУ-ын тамирчин Ли Юү Жиныг ялж, улмаар хагас шигшээд Филиппиний Рамирез Эннид 5:2-оор ялагдсан юм. Тэгвэл хүрэл медалийн төлөөх барилдаанд Тайландын Сингчалад Нучанатыг 8:2-оор буулган авснаар шагналын тавцанд зогсох эрхтэй болжээ. Түүний хувьд 2024 оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан юм. Азийн элсний спортын VI наадмын жюү жицүгийн тэмцээн дууссан бөгөөд манай тамирчид хоёр хүрэл медальтай өндөрлүүлж байна. Уг наадамд жюү жицүгийн олон улсын шүүгч Б.Буяндэлгэр, Т.Мөнх нар шүүгчээр ажиллажээ.
Үүнээс гадна тус наадмын хөнгөн атлетикийн тэмцээний уртын харайлтын төрөлд хүч сорьсон МУБИС-ийн оюутан Б.Сувд-Эрдэнэ 45 орны 23 тамирнаас 5.07 метр харайснаар 11 дүгээ байрт шалгарсан байна. Манай тамирчны хувьд Монголын бүх ард түмний наадмын гурван мөнгө, нэг хүрэл, Зүүн Азийн лигийн мөнгө, УАШТ-ий алт, мөнгөн медальтай тамирчин юм.
Өнөөдөр буюу Азийн элсний спортын наадмын дөрөв дэх өдөр бөөрөнцөг түлхэлт, элсний волейболын тамирчид тэмцээндээ оролцож байна.

