Малчдын амьжиргааг дээшлүүлэх шинэ төсөл хэрэгжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-01-11 18:52:16

Завханд Зудаас үүссэн сөрөг нөлөөг бууруулахад дэмжлэг үзүүлэх дэд төслийг ТББ-уудын дунд  зарлажээ.

Төслийг Мерси Кор ОУБ-аас зарласан байна. Зудад өртөж байгаа иргэдийн амьжиргааг хамгаалах, нөхөн сэргээхэд туслах зорилготой тэтгэлэг олгох төсөл нь 50 хүртэл сая төгрөгийн санхүүжилттэйгээр 2017 оны гуравдугаар сарын 13-наас эхэлж 80 хоног хэрэгжих ажээ.

Төсөл хэрэгжүүлэгч нь онцгой байдлын үед мал сүрэгт чиглэсэн үйл ажиллагаанд баримтлах заавар, стандартууд (LEGS)-ын дагуу малчдын амьжиргаа болсон мал сүргийг хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн малын тоо толгойг бууруулах, мал эмнэлгийн үйлчилгээг дэмжих, тэжээл, хашаа хороо болон худаг усаар хангах, бэлчээрийн даацад тохируулан зохистой хэлбэрээр малжуулах чиглэлийн үйл ажиллагааг явуулах юм байна.

Дашрамд Мерси Кор ОУБ нь Завханд цаг агаарын мэдээллийг түгээж орон нутагт гамшгийн төлөвлөлт болон эрсдлийг бууруулах чадавхийг сайжруулснаар малчид  болон хөдөөгийн эдийн засагт тохиох зудын эрсдэл,  зудаас үүссэн сөрөг нөлөөг бууруулахад  орон нутгийн иргэдэд туслах замаар мал маллагааны тогтолцоог  урт хугацаанд тогтвортой байлгах, мал сүрэгтэй холбоотой нөхөн сэргээх үйл ажиллагааг төлөвлөж хэрэгжүүлж байна.

Б.Мягмарсүрэн

Related news