Тэмээн сүргийн тоо толгой 4200-д хүрчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРТэмээн сүргийн тоо толгой 2000 оныг хүртэл тогтмол буурсан тоон үзүүлэлттэй байсан Баянхонгор аймаг 2012 оноос хойш тогтмол өсч 2016 оны жилийн эцсийн мал тооллогоор 4200 гаруй болгож өсгөсөн үзүүлэлттэй гарчээ.
Өдгөө Баянхонгор аймаг нь Монгол Улсдаа тэмээн сүргийнхээ тоо толгойгоор Өмнөговь аймгийн дараа хоёрт орж байна. Тиймээс их газрын заан, арслан хэмээн нэрлэгддэг тэмээн сүргийн тоо толгойг цаашид өсгөх, ашиг шимийг олон нийтэд сурталчлан таниулах бодлогыг аймаг, орон нутгийн удирдлагууд барьж байна.
Хөдөө аж ахуй, тэр дундаа мал аж ахуйн салбарт тэмээн сүргийн бүтэц, үүлдэр угсааг сайжруулахад Баянхонгор аймаг онцгой анхаарч ирсэн байдаг. Тухайлбал “Ламын гэгээний улаан” тэмээн сүрэгт эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн ажлын арга зүйн дагуу судалгааны ажил хийж, үржлийн хэсэг, омгоор батлуулахаар хүсэлт хүргүүлснээр ХХААЯамнаас үржил селекцийн ажлын ололтыг хянан магадлах, дүгнэлт гаргах ажлын хэсэг 2015 онд томилогдон 2016 оны 11 сард Баянхонгор аймагт ажиллаж байжээ.
Үржүүлэг, селекцийн ажлын үе шатыг авч үзвэл 1943-1960 он Тоо толгойг өсгөх бодлого, 1960-1980 он Зүсийг жигдрүүлэх бодлого, 1980-1990 он Ноос, сүүний гарцыг нэмэгдүүлэх бодлого, 1990 оноос хойш Хурдлах чадварыг нэмэгдүүлэх бодлогыг явуулж ирсэн байна. Харин саяхан тэмээчдийн баярыг зохион байгуулж буй Баян-Өндөр суманд хурдны чиглэлийн бүлэг тэмээ байх боломжтой тул энэ онд судалгааны ажлыг эхлүүлэхээр зэхэж байгаа аж.
Б.Мөнхзул