Чингис хотын агаар “бага бохирдолттой” гэсэн ангилалд багтаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙӨвлийн улиралд Хэнтий аймгийн төв Чингис хотын салхины чиглэл баруун өмнөөсөө байдаг бөгөөд хотын агаарын чанарыг аймгийн УЦУОШГ–ын байгаль орчны шинжилгээний лабораторид жилийн турш шинжилдэг байна.
Шинжилгээний дүнгээр Нисэх орчимд агаарын чанар цэвэр, хотын төв буюу ясли, эмнэлэг, Хан Хэнтий чуулга, гэр хороолол буюу Баянмөнх баг, Хан Хэнтий цогцолбор сургуулийн орчимд агаарын бохирдол ердийнхөөс 5-6 дахин их буюу зарим үед 10 дахин их бохирдолттой байдаг гэсэн дүгнэлт гарчээ. Энэ нь агаарын “бага бохирдолт” гэсэн ангилалд ордог аж.
Аймгийн БОАЖГ-аас гаргасан судалгаагаар аймгийн төвд ердийн галлагаатай гэр болон байшингийн нийт 4039 зуух жилд 10454 тонн нүүрс, усан халаалтын зуух 39 жилд 32600 тонн нүүрс хэрэглэж, 7393 автомашин зорчиж байна гэсэн судалгаа байна. Энэ нь Улаанбаатар хотынхтой харьцуулахад харьцангуй бага тоо хэдий ч агаарын бохирдол хэмээх чимээгүй тахал та бидэнд ойрхон байгааг илтгэж буй юм.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр дэлхийн хүн амын нийт өвчлөлийн 2.7 хувийг агаарын бохирдлын улмаас үүдэлтэй өвчин эмгэг эзэлж байна. Үүний улмаас жил бүр 1.6 сая хүн амьсгалын замын өвчнөөр нас барж байна гэсэн судлагаа гарчээ. Гэтэл манай улсын нийслэл Улаанбаатар хот агаарын бохирдлоороо дэлхийд эхний хоёрт ордог ба хотын оршин суугчдын хувьд РМ2.5 тоосонцорт өртөж буй жилийн дундаж хэмжээ Монгол Улсын агаарын чанарын үндэсний стандартаас даруй 10 дахин, харин Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хамгийн зөөлөн зорилтот шаардлагаас 6-7 дахин их гарчээ. Өвлийн улиралд нийслэлийн гэр хорооллын 175 000 айл өрх тус бүр жилд дунджаар 5 тонн нүүрс түлж, 100 мянга гаруй авто машин зорчиж байна.
Д.Одонтунгалаг