Төрийн байгууллагын удирдах ажилтнуудын семинар эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь аймгийн төрийн байгууллагууд, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэлтэс, агентлагийн удирдах ажилтнуудад зориулсан семинар өнөө өглөө аймгийн ЗДТГ- ын хурлын танхимд эхэллээ.
Төрийн албаны стандарт, ёс зүй, сахилга хариуцлага, хамтын ажиллагааг сайжруулж, засаг захиргаа, нутаг дэсгэрийн нэгжийн удирдлагын манлайлал, аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр болон цаашид хэрэгжүүлэх бодлогын талаар мэдээлэл өгч, арга зүй зөвлөмж өгөх нь семинарын зорилго юм байна. Төв, хөдөөгийн 15 сумаас төрийн байгууллагын 130 гаруй удирдах ажилтан семинарт хүрэлцэн иржээ.
Тэдэнд өнөөдөр Төрийн албаны зөвлөлийн ажлын албаны дарга Д.Баатарсайхан Төрийн албаны стандарт, ажлын байрны тодорхойлолт боловсруулах арга зүй, ахлах референт Г. Зоригтбаатар Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүй, гүйцэтгэлийн удирдлага, доктор С. Батмөнх Нутгийн удирдлагын тухай ойлголт, удирдах ажилтны манлайллын суурь ухагдахуун сэдвээр сургалт явуулж байна. Сургалт маргааш үргэлжилнэ. Ажлын хариуцлага, сахилга дэг журмыг өндөржүүлэх, үйлдвэрлэлийг дэмжих жилд хийх ажлын талаар, төсвийн тухай хуулийн өөрчлөлт, 2017 оны төсвийг хэрэгжүүлэхэд баримтлах бодлого чиглэл, хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг болон хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлэг гаргахад анхаарах асуудал зэрэг удирдах ажилтнуудын үйл ажиллагаандаа мөрдлөг болгох мэдээлэл, зөвлөмжүүдийг өгөх юм байна.
Т. Отгонтуяа