УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарын нэрэмжит математикийн олимпиад болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл \МОНЦАМЭ\ Хөвсгөл аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн, Хөвсгөл хөгжил сангийн тэргүүн Л.Мөнхбаатарын санаачилгаар математикт сонирхолтой хүүхэд багачуудыг дэмжин хөгжүүлэх зорилготойгоор ахлах ангийн сурагчдын дунд математикийн олимпиадыг хоёр дахь жилдээ зохион байгуулна.
Тус олимпиад энэ сарын 15-16-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн цогцолбор сургууль дээр болно. "Оюунлаг иргэн та Монголын ирээдүй" уриатай олимпиадын шагналын сан 5 сая төгрөг бөгөөд олимпиадад эхний гурван байр болон тусгай байр эзэлсэн сурагчдыг мөнгөн шагнал, медаль, бэлэг дурсгалын зүйлсээр шагнах гэнэ. 2016 онд зохион байгуулагдсан олимпиадад 800 орчим сурагч оролцон мэдлэг, оюун ухаанаараа өрсөлдөж байжээ.
"Хөвсгөл хөгжил сан"г-аас шатрын, англи хэлний зэрэг тэмцээн уралдааныг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ажээ.
Б.Гантуяа