Агаарын бохирдол бууруулах тоног төхөөрөмжийн үзэсгэлэн худалдаа болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл\ МОНЦАМЭ\ Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар, МҮХАҮТ-ын Хөвсгөл аймаг дахь салбар танхимтай хамтран “Агаарын бохирдлыг бууруулах” тоног төхөөрөмжийн үзэсгэлэн худалдааг Мөрөн хотод зохион байгуулна.
Үзэсгэлэн худалдаанд Улаанбаатар хот болон орон нутгийн үйлдвэрлэгч, аж ахуйн нэгж байгууллагууд шалны халаалт, цахилгаан халаагуур, цахилгаан зуух, усан халаалтын зуух, барилга байшингийн дулаалга, авто тээврийн хэрэгслийн био түлш, агаар цэвэршүүлэгч зэрэг тоног төхөөрөмжүүдээ танилцуулах аж. Хөвсгөл аймгийн нийт хүн амын 30 хувь нь буюу 11000 рөх, 40000 орчим хүн Мөрөн суманд амьдарч эдгээр өрхийн 93 хувь нь гэр хороололд амьдарч, гэр хорооллын айл өрхөөс гадна дэлгүүр жижиг үйлчилгээний газрууд нийлээд аймгийн төвд 10370 гаруй яндангаас утаа гардаг аж. 2014 онд Дулааны станц ашиглалтанд орж, уурын зуухнууд хаагдсанаар агаарын бохирдол жил бүр өсч байсан зарим үзүүлэлтүүд тогтмолжиж, зарим нь буурч байсан бол 2016 оноос иргэд түүхий нүүрс ихээр түлж эхэлсэн тул бохирдол дахин нэмэгдэж азотын давхар исэл, тоосонцорын хэмжээ нэмэгджээ.
Мөрөн сумын төвд аж ахуйн нэгж байгууллагын 68 том, жижиг оврын халаалтын зуух, айл өрхийн 10071 зуух, жилд 20000 тн гаруй нүүрс түлж агаарт ихээхэн хэмжээний хорт хий, тоосонцор ялгаруулж байгаа учраас иргэдийн эрүүл мэндийг хамгаалах мэдлэг, мэдээлэл өгч, утаагүй цэвэр технологи, тоног төхөөрөмжийг дэмжин иргэдийг оролцоог нэмэгдүүлэх зорилготой үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байгаа ажээ.
Б.Гантуяа