Мягмар гарагт ерөнхий боловсролын сургуулиудын хичээлийг түр зогсооно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-04-09 17:19:27

Хөвсгөл \МОНЦАМЭ\ Хөвсгөл аймагт Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилт болж буйтай холбогдуулан Мөрөн сумын иргэд  4 дүгээр сарын 11-ны өглөө 08 цаг 30 минутад дуут дохио дуугармагц байрлаж байгаа обьектоо орхин гарч хамгийн ойр байгаа хатуу хучилттай зам дээр гарч тусгайлан бэлтгэсэн маршрутаар аюулгүйн цэгт очих юм байна.

Энэ өдөр ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг Мөрөн сумын Засаг даргын захирамжаар нэг өдөр түр зогсооно. Мөн энэ өдөр өглөөний 9-11 цагийн хооронд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлах гэнэ. Энэ өдөр иргэдэд дуут дохио өгөхөөс гадна, хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон харилцаа холбоо ашиглан зарлан мэдээлэх хуудсыг өгөх гэнэ. Энэхүү арга хэмжээний хүрээнд хамгийн олон хүн амтай Мөрөн сумын иргэд гамшиг ослын бүрэн мэдлэг, мэдээлэлтэй болох ажээ. Энэхүү арга хэмжээг зохион байгуулахаар Хөвсгөл аймагт ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд штабын дарга, бригадын генерал Г.Ариунбуян, ОБЕГ-ын Гамшгаас хамгаалах урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Б.Ууганбаяр тэргүүтэй 12 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна.

Б.Гантуяа

 

Related news