Эмнэлгүүдэд нэн шаардлагатай тоног төхөөрөмж өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-04-20 10:36:16

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв, сум дундын эмнэлэг, сумын эрүүл мэндийн төв, өрхийн эрүүл мэндийн төвүүд нэн шаардлагатай тоног төхөөрөмжтэй боллоо.
Эмнэлэг, эрүүл мэндийн төвүүд зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, хэт авиа аппарат, сорох төхөөрөмж, өвчтөний зөөврийн монитор, гематологийн анализатор, шээсний анализатор, хэвлийн хөндийн мэс заслын их набор, хүчилтөрөгч өтгөрүүлэгч, халдваргүйтгэлийн автомат угаалгын машин, тимпанотетр гэх мэт нэн хэрэгцээтэй тоног төхөөрөмжтэй болсноор өгснөөр иргэдэд хүрэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ сайжирна гэж үзэж байгаа ажээ.

“Эрүүл мэнд-хамтын ажиллагаа” сэдэвт эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнуудын зөвлөлгөөн Даланзадгадад болох үеэр аймгийн Засаг дарга Н.Наранбаатар дээрх тоног төхөөрөмжүүдийг гардуулан өгсөн юм. 

Зөвлөлгөөнд 15 сумын Засаг дарга, нийгмийн ажилтан, эмч мэргэжилтнүүдийг хамрагдаж, эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, эмч мэргэжилтнүүдийн харилцаа ёс зүйг сайжруулах, иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд тулгардаг саад бэрхшээлийн талаар ярилцсан байна.  

Д.Мишигсүрэн

Related news