Дэрэн сумын сургууль “Зочинтой хичээл” эхлүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-11-17 14:41:39

Дэрэн сумын сургууль хоёрдугаар улирлын хичээл эхлэхтэй зэрэгцэн “Зочинтой хичээл”- ийн хуваарь батлан хэрэгжүүлж эхэлсэн байна.

Тодруулбал, эцэг эх, иргэд, төрийн албан хаагчид сурагчдын нэгэн адил хичээлд сууна. Ингэхдээ тэд багшийн хичээл заах арга зүй, ур чадварт дутагдаж байгаа зүйл юу байна гэдгийг анзаарч тэмдэглэл хөтөлнө. Шинэлэг ололттой тал, сайн туршлагыг нь ч бас сэтгэгдэлдээ бичих  ажээ. Ингэснээр ерөнхий боловсролын сургуульд хэрэгжиж буй цөм хөтөлбөрийн үндсэн агуулга зарчмыг олон нийт илүү сайн ойлгож, багш нар заах арга зүйн хувьд ямар ур чадвар, туршлагатай, хэрхэн шинийг сэдэж, сурагчдаа хөгжүүлэхэд анхаарч ажилладагийг харах боломжтой гэж сургуулийн захирал Д. Мөнхтогтох хэллээ. Нөгөө талаар багш нар ч хариуцлагаа өндөржүүлнэ. Эцсийн дүнд багш, олон нийтийн хамтын ажиллагаа сайжирна гэлээ.

Зочинтой хичээл энэ хичээлийн жилийг дуустал үргэлжлэх юм байна.

Дундговь Т. Отгонтуяа

 

Related news