Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Мандалговийн иргэдтэй уулзав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-11-17 15:24:10

Монгол Улсын Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга, Хуульзүйн ухааны доктор, профессор Н. Лүндэндорж өчигдөр Мандалговь хотын иргэдтэй уулзав. Монгол улсад шүүхийн шинэтгэл яагаад хийх болсон, шинэтгэл хийж эхэлснээр ямар үр дүнд хүрч байгаа талаар олон нийтэд мэдээлэл өгөх нь түүний уулзалтын гол зорилго байв.

2007 онд нийсэн нэгэн судалгаагаар судалгаанд оролцогчдын 77 хувь шүүхэд итгэх итгэлгүй байгаагаа илэрхийлж, шүүх бол хараат, ил тод бус, авлигатай гэж дүгнэсэн. Ялангуяа орон нутгийн шүүхэд итгэхээ больсон гэж судалгаанд оролцогчдын 84 хувь нь илэрхийлж байжээ.. Монголын шүүх ийм дүр зурагтай болоод байсан үед шүүхийн шинэтгэлийг эхлүүлсэн нь цагаа олсон чухал алхам байсныг доктор Н. Лүндэндорж онцлоод шүүх бол олон нийтийн итгэл дээр тогтож байдаг байгууллага гэдгийг тодотгон хэлсэн юм.

“Шүүхийн шинэтгэл дөнгөж эхэлж байна. Тулгарч байгаа олон бэрхшээл бий. Хийсэнээс хийгээгүй ажил олон байгаа тул эхэлсэн шигээ энэ эрчээ алдахгүй явбал заавал үр дүнд хүрнэ гэж итгэдэг. Шүүх тогтолцоонд шинэтгэл хэрэгтэй гэдгийг манай шүүгч нар нэгэн зэрэг илэрхийлж, нэгдэж чадсан нь том хүч байсан” гэв.

Тэрээр шүүхийн шинэтгэлийг эхлүүлснээр хэд хэдэн ололттой тал бий болсон гэдгийг онцоллоо. Тухайлбал шүүхийн эрх зүй, бие даасан байдал сайжирч, ил тод нээлттэй болсон, шүүгчийн хараат бус байдал, шүүхийн аюулгүй байдлыг хангадаг болсон, хүний нөөцийн шинэтгэл хийж мэргэшсэн шүүгч нарыг бэлтгэсэн, эвлэрүүлэн зуучлах үйлчилгээг бий болгож, олон нийтийн шүүхэд итгэх итгэлийг эргэж олж авсан гээд олон давуу талыг тэрээр дурьдсан юм.

Уулзалтад хүрэлцэн ирсэн иргэд шүүх хурал олон удаа хойшилж, цаг хугацаа алдан, явдал чирэгдэл багагүй үүсгэдэг нь хүний эрх гэдэг шүүхийн шинэтгэлийн хаана явна вэ гэж бодоход хүргэдэг, шүүхийг төрөлжүүлэн байгуулсан нь тун зөв шийдэл болсон, давж заалдах шатны шүүх Өмнөговь аймагт байршиж байгаа нь иргэдэд багагүй чирэгдэл болж байна гэх зэргээр  Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргатай санал бодлоо хуваалцсан юм.

Дундговь Т. Отгонтуяа

 

 

Related news