YouTube худал мэдээлэлтэй хатуу тэмцэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-03-15 17:11:44
НЬЮ-ЙОРК.  /ТАСС/. Дүрс бичлэгийн хамгийн том сан болох “Youtube” илт хуурамч мэдээлэл агуулсан дүрс бичлэг байрлуулахын эсрэг хийх тэмцлээ эрчимжүүлэхээр шийдвэрлэжээ.
 
YouTube-ийн Ерөнхий захирал Сюзан Вожицки АНУ-д болсон технологийн асуудлаархи нэгэн бага хурлын үеэр үг хэлэхдээ “хуурамч мэдээлэл байрлуулах гэсэн аливаа оролдлогыг таслан зогсоох болно” гэлээ.
 
Жишээлбэл, манай дэлхий хавтгай болох тухай, Америкийн сургуулиудад олон хүнийг буудан хөнөөсөн хэрэг нь тавилттай жүжиглэлт байсан тухай илт хуурамч мэдээлэл агуулсан дүрс бичлэгүүд “Youtube”-д тавигдсан ажээ.
 
АНУ-ын Флорида муж улсад Парклэнд хотын нэгэн сургуульд 17 сурагчийг хөнөөсөн хэрэг гарсны дараа  YouTube сан хүчтэй шүүмжлэлд өртсөн байна. Энэхүү аймшигт хэргийн дараа зарим хэрэглэгчид хуурамч мэдээлэл бүхий дүрс бичлэгүүдийг байрлуулсан ба тэдгээрт “аймшигт хэрэгт өртсөн сурагчид нь үнэн хэрэгтээ мөнгөөр хөлслөгдсөн жүжигчид байсан бөгөөд тэд буу зэвсгийн хяналтыг чангатгахыг шаардаж байсан” гэж өгүүлжээ.
 
Иймэрхүү бичлэгүүдийн нэг нь YouTube-д хамгийн их хандалттай байсан бөгөөд түүнийг устгах хүртэл тэнд байршиж байсан байна.
 
Э.Аянзаяа 
Related news