Ойрад түмний язгуур урлагийн их наадам Халимагт болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-05-09 16:44:37
Увс /МОНЦАМЭ/. Ойрад түмний язгуур урлагийн их наадмыг энэ удаад ОХУ-ын БНХалимаг улсад зохион байгуулах гэж байна. Энэ хүрээнд аймгийн Засаг дарга Д.Батсайхан ОХУ-ын БНХалимаг улсын Ерөнхийлөгч Алексей Маратович Орловын урилгаар өнөөдөр тус улсыг зорьлоо.
12 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа тус наадамд оролцохоор аймгийн “Ойрад” ХЖТ-ын уран бүтээлчид мөн Халимаг улс руу яваад байна.
Увс аймгийн “Онцын тасархай” жуулчны баазаас “Ойрад түмний язгуур урлагийн наадам”-ыг жил бүр Үүрэг нуурын хөвөөнд зохион байгуулж ирсэн бөгөөд үүнд ОХУ-ын БНХалимаг улсын төлөөлөгчид тогтмол оролцож иржээ.
Ойрад түмэн язгуур урлагийн их наадам нь ойрадуудын өв соёлыг сурталчлах, ардын авьяастнуудыг нээж илрүүлэх чухал ач холбогдолтой арга хэмжээ байна. Өнгөрсөн жилийн тухайд өргөн хүрээг хамарч, шилдэг 12 авьяастанд Ойрад түмэн одон олгож, төрөл тус бүрт ардын авьяастнуудыг шалгаруулснаас гадна эрийн гурван наадам зохион байгуулж байжээ. Тэгвэл энэ жил ОХУ-ын БНХалимаг улсад хийх гэж байгаагаараа ихээхэн онцлог болж байгаа аж.
Б.Батхүү
Related news