Дэлхийд 150 сая гаруй цагаач ажилчин байна
ДЭЛХИЙН МЭДЭЭЖЕНЕВ. /TASS/. Дэлхий даяар 150 сая гаруй цагаач ажилчин байгаа бөгөөд хөдөлмөрийн хүчний оролцооны түвшин нь тэднийг хүлээн авч байгаа улс орнуудын хүн амынхаас өндөр байна. Энэ тухай пүрэв гарагт Швейцарийн Женев хотод нийтэлсэн НҮБ-ын мэргэшсэн байгууллага болох Олон улсын хөдөлмөрийн байгууллагын /ОУХБ/ тайланд дурджээ.
“Нийт хөдөлмөр эрхлэгч 232 сая орчим хүний 150.3 нь цагаач ажилчид байна” гэж тус байгууллагын судалгаанд дурдсан байна. Цагаач ажилчдын 83.7 сая нь эрэгтэйчүүд бол 66.6 сая нь эмэгтэйчүүд аж.
“Энэ судалгаа нь цагаачдын дийлэнх олонх нь илүү сайн ажлын байр хайн эх орноо орхисныг харуулж байна” гэж ОУХБ-ын хөдөлмөрийн нөхцөл болон тэгш эрхийн асуудал хариуцсан хэлтсийн дарга Мануэл Томеи мэдэгджээ. Түүний хэлснээр, тус байгууллагын тайлан “цагаачлалын үр дүнтэй бодлого явуулахад үндэс суурь нь болох” боломжтой.
Судалгаанаас үзвэл цагаач ажилчдын дийлэнх нь буюу 106.8 сая нь үйлчилгээний салбарт ажиллаж байгаа бол 26.7 сая нь аж үйлдвэр, барилгын салбарт, 16.7 сая нь хөдөө аж ахуйн салбарт хөдөлмөр эрхэлж байна. Түүнчлэн цагаач ажилчдын бараг тал нь буюу 48.5 хувь нь Хойд Америк, Хойд, Өмнөд болон Баруун Европт ажилладаг байна.
Цагаач ажилчдын 8 хувь нь гэрийн үйлчлэгч хийдэг аж. Энэ салбарт “ялгаварлан гадуурхах янз бүрийн хэлбэр” цөөнгүй тохиолддог бөгөөд “эдийн засгийн зохицуулалт харьцангуй бага байдаг салбар” учраас ОУХБ-ын шинжээчид ихээхэн санаа зовж байна. Гэрийн үйлчлэгч хийдэг нийт 67.1 сая хүний 17.2 хувь нь цагаачид бөгөөд тэдний дийлэнх нь эмэгтэйчүүд аж.
Д.Жаргал