Сирийн мөргөлдөөнийг тайван замаар зохицуулах төлөвлөгөөг баталлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-12-19 12:17:39

НҮБ. /TASS/. Австрийн нийслэл Вена хотод болсон уулзалтын үеэр хэлэлцэн тохиролцсон Сирийн мөргөлдөөнийг зохицуулах зарчмыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл /АЗ/ баасан гарагт санал нэгтэй баталлаа.

Уг баримт бичигт Женевын мэдэгдэлд болон Сирид дэмжлэг үзүүлэх олон улсын бүлгийн шийдвэрт үндэслэн хэлэлцээ хийх ёстой Сирийн талуудыг хэлэлцээний ширээнд “аль болох хурдан, 2016 оны нэгдүгээр сарын эхэээр” суулгахыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад уриалсан байна.

Баримт бичигт мөн мөргөлдөөнд оролцогч талууд “улс төрийн өөрчлөн шинэчлэлт хийх эхний алхмаа эхэлмэгц” Сирид хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх түр эвлэрэх гэрээг дэмжжээ.

Түүнчлэн НҮБ-ын АЗ-ийн тогтоолд зургаан сарын хугацаанд шилжилтийн засгийн газар байгуулах, мөн 18 сарын дараа Үндсэн хуулийн дагуу “шударга, чөлөөт сонгууль” явуулах зорилготой улс төрийн үйл явцыг дэмжиж байна.

“Хямралыг зохицуулах замын зураг”

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын хэлснээр, дээрх тогтоол нь Венад хүрсэн тохиролцооны хэрэгжилтэд НҮБ-ын АЗ-өөс тавих хяналтыг бэхжүүлнэ.

Москва, Каир, Эр-Рияд, Дамаск, Хасеке хотод хийх Сирийн сөрөг хүчний уулзалтын үр дүнг харгалзан хэлэлцээний үйл явцыг зохион байгуулах хариуцлагатай үүргийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад болон Сирийн асуудлаарх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тусгай элч төлөөлөгч Стаффан де Мистурад даалгасан байна

НҮБ-ын АЗ-ийн шинэ тогтоол нь хямралыг зохицуулах “замын зураг” болохыг Францын Гадаад хэргийн сайд Лоран Фабиус онцлон тэмдэглэжээ.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри зэрэг дэлхийн 18 орны гадаад бодлогын байгууллагын тэргүүн нар, мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, түүний тусгай элч төлөөлөгч Стаффан де Мистура, Арабын улсуудын холбоо болон Исламын хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгчид оролцсон Сирид дэмжлэг үзүүлэх олон улсын бүлгийн уулзалт урьд нь Нью-Йорк хотод болж, 5 орчим цаг үргэлжилсэн байна. Уг форумын үеэр сөрөг хүчин болон террористуудын жагсаалтыг зөвшилцөж, мөн Венын үйл явцад дэмжлэг үзүүлэх НҮБ-ын АЗ-ийн тогтоолын төслийг хэлэлцжээ.

Сирийн дэглэмийг өөрчлөх тухай НҮБ-ын АЗ-ийн саналыг Москва дэмжихгүй гэж Сергей Лавров уулзалтын дараа цохон тэмдэглэсэн байна.

Асадын хувь заяа

НҮБ-ын АЗ-ийн тогтоолд Сирийн Ерөнхийлагч Башар Асадын цаашдын хувь заяаны асуудлын талаар дурдаагүй байна. Харин үүний оронд уг баримт бичигт “улс орныхоо ирээдүйг Сирийн ард түмэн тодорхойлно” гэдгийг цохон тэмдэглэжээ.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керригийн хэлснээр, “ялангуяа Ерөнхийлөгч Башар Асадын хувь заяатай холбоотой асуудлаар олон улсын хамтын нийгэмлэг ихээхэн санал зөрөлдөөнтэй хэвээр байна”.

Сирийн төрийн эрхэнд Башар Асад байгаа цагт тус улсын байдлыг зохицуулж чадахгүй гэж Их Британийн Гадаад хэргийн сайд Филип Хаммонд үзэж байгаа аж.

Ирээдүйгээ, түүний дотор Асадын хувь заяаг Сирийн ард түмэн өөрсдөө тодорхойлно гэж НҮБ-ын АЗ-ийн баталсан тогтоолд тусгасныг Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров онцлон дурджээ.

Д.Жаргал

 

 

関連ニュース