Тайваньд зэвсэг худалдахаа зогсоохыг шаардав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-12-21 13:25:00

БЭЭЖИН. /RIA Novosti/. Хятадын Гадаад хэргийн сайд Ван И АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керритэй утсаар ярьж, Тайваньд зэвсэг худалдахаа зогсоохыг Вашингтоноос шаарджээ. Энэ тухай Хятадын Гадаад хэргийн яам /ГХЯ/ мэдээлсэн байна.

“Тайваньд зэвсэг худалдахаа, мөн Хятадын эзэмшдэг Наньша аралд нисэх онгоцууд болон хөлөг онгоцуудаа илгээхээ зогсоохыг Америкийн талаас шаардан Өмнөд Хятадын тэнгисийн болон Тайванийн асуудлаарх хатуу бөгөөд шийдэмгий байр суурийг Ван И Америкийн санаачилгаар утсаар ярилцахдаа Жон Керрид танилцууллаа” гэж Хятадын ГХЯ мэдэгджээ.

Хариуд нь Керри Америкийн тал “Хятадын тал санаа зовж буйг харгалзан үзэхэд бэлэн бөгөөд “нэг Хятад” бодлогыг баримталж байгаа болохыг хэлсэн гэж Хятадын ГХЯ-ны мэдэгдэлд онцлон тэмдэглэсэн байна.

“Америк-Хятадын харилцаанд нөлөөлж болзошгүй бүхий л асуудлаар Америкийн тал санал бодлоо солилцоход бэлэн байна” гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга хэлснийг Хятадын ГХЯ цохон тэмдэглэжээ.

Тайваньд нийтдээ 1.83 тэрбум долларын зэвсэг худалдах гэж байгаа тухайгаа АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн засгийн газар өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт Конгресстоо албан ёсоор мэдэгдсэн байна.

Д.Жаргал

 

関連ニュース