Малайзын Боингийг эрж хайхад Хятадын хөлөг онгоц нэгдэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-01-29 12:51:44

БЭЭЖИН. /Xinhua/. 2014 оны гуравдугаар сард сураггүй алга болсон Малайзын агаарын тээврийн компанийн “MH370” дугаарын нислэгийг үйлдэж байсан Боинг онгоцыг Энэтхэгийн далайд эрж хайх ажиллагаанд Хятадын “Dong Hai Jiu 101” хөлөг онгоц нэгдэнэ.

“Хятадын хөлөг онгоц одоогийн байдлаар Сингапурт байгаа бөгөөд ням гарагт буюу нэгдүгээр сарын 26-нд Австралийг зорих төлөвтэй байна. Уг хөлөг онгоц эрлийн бүсэд хоёрдугаар сарыг дуустал эрэх хайх ажиллагаа явуулна” гэж Австралийн шадар сайд Уоррен Трасс мэдээлжээ.

Түүний хэлснээр, хөлөг онгоцоор туслахыг Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд 2015 оны 11 дүгээр сард санал болгосон байна. Хятадын хөлөг онгоц Энэтхэгийн далайн өмнөд хэсэгт Малайзын нисэх онгоцыг хайх аж.

Хятадын хөлөг онгоц дээрх ажиллагаанд нэгдсэнээр одоогоор 120 мянган хавтгай дөрвөлжин км бүсэд эрлийн ажиллагааг идэвхтэй явуулж байгаа Австралийн гурван хөлөг онгоцны ажилд тусална гэж Трасс онцлон хэлсэн байна.

Куала-Лумпураас Бээжингийн чиглэлд MH370 нислэгийг үйлдэж байсан “Malaysia Airlines” компанийн “Boeing 777-200” онгоц 2014 оны гуравдугаар сарын 8-ны шөнө радарын дэлгэцнээс алга болсон юм. Уг онгоцонд багийн 12 гишүүнээс гадна 227 хүн зорчиж явжээ. Зорчигчдийн дийлэнх нь Хятадын иргэд байсан байна.

Д.Жаргал  

 

関連ニュース