“Сахилга-хариуцлага” 14 хоногийн ажил зохиов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-09-26 10:33:06

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн татварын хэлтсээс Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 01 албан даалгавар, 2018 оны 138, 258 дугаар тогтоол, Татварын ерөнхий газрын даргын 2018 оны А/126 дугаар тушаал, аймгийн Засаг даргын А/433 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах зорилгоор “Сахилга-хариуцлага” 14 хоногийн ажлыг 2018 оны дэвшүүлсэн зорилт болох “Чадварлаг хариуцлагатай алба хаагч, чанартай хүртээмжтэй төрийн үйлчилгээ” жилийн ажилтайгаа уялдуулан зохион байгууллаа.

Энэ хугацаанд татварын албаны ажлын сахилга хариуцлага, цаг ашиглалтыг сайжруулах талаар сумдын холбогдох албан тушаалтнуудад чиглэл хүргүүлж, байгууллагад нэвтэрсэн иргэдийг бүртгэх дэвтэр гаргаж, тогтмол хөтлөлт хийж буйгаа танилцуулсан байна. Харин ажилтнуудын ажлын цаг ашиглалт, цагийн бүртгэлд захиргааны тасгаас  гурван удаа шалгалт хийж 30-60 минут хоцорсон долоон албан хаагчид ажлын цаг баримтлахыг анхааруулсан аж.

Татварын ерөнхий газар болон Мэдээлэл холбооны сүлжээ компанид байгууллагын интернет сүлжээг олон нийтийн сүлжээ, онлайн тоглоомын болон видео сан бүхий сайтуудад нэвтрэх эрхийг хаалгах талаар албан бичиг хүргүүлжээ.

“Хасу”, “Тэрх” худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг 125 татвар төлөгч иргэнээс татварын ажилтны үнэнч шударга зарчимч байдал, сахилга хариуцлага, харилцааны соёлын чиглэлээр сэтгэл ханамжийн судалгаа авч нэгтгэхэд татвар төлөгч иргэдэд татварын хууль тогтоомжийн талаар тасралтгүй сургалт зохион байгуулах, татвар хурааж явах үедээ заавар зөвлөгөө өгч байх, татварын улсын байцаагчдын харилцааны ур чадварыг дээшлүүлэх санал гарсаны дагуу цаашид  энэ чиглэлээр тодорхой ажил зохион байгуулахаар төлөвлөжээ.


Б.Гэрэлт-Од

関連ニュース