"Өсвөрийн аврагч-2018" тэмцээнд Цэнгэл сумын сурагчид тэргүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Боловсрол соёл, урлагийн газар "Дэлхийн зөн-Монгол" ОУБ-ын орон нутгийн хөтөлбөр, Улаан загалмайн хороо хамтран есдүгээр сарын 27-28-нд Өлгий хотод зохион байгуулсан "Өсвөрийн аврагч-2018" тэмцээнд Цэнгэл сумын бүрэн дунд сургуулийн "Таван богд" баг тэргүүллээ.
Харин удаах байрт Өлгий сумын ерөнхий боловсролын гуравдугаар бүрэн дунд сургуулийн “Шонхор”, нэгдүгээр бүрэн дунд сургуулийн “Ирвэс” багууд тус тус шалгарлаа.
Уг арга хэмжээ нь сурагчдад аюулгүй амьдрах арга ухааны мэдлэг эзэмшүүлэх, бие бялдрыг хөгжүүлэх, болзошгүй аюул, ослын үед өөрийгөө болон бусдыг авран хамгаалахад сургаж дадлагажуулах зорилготой аж.
Тэмцээнд тус аймгийн 13 сумаас нийтдээ 17 баг, 120 сурагч оролцож, эмнэлгийн анхны тусламж, нэрвэгдэгсдийг аврах ажиллагаа, бие бялдрын бэлтгэл, гүйлт зэрэг төрлөөр хүч чадал, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.
Өсвөрийн аврагчдад шагнал гардуулах ёслолд аймгийн Засаг дарга А.Гылымхан оролцож, сурагчдад баяр хүргэлээ. Тэрээр хэлсэн үгэндээ энэ удаагийн тэмцээнд эхний байруудад орсон багуудын баруун бүсийн тэмцээн, цаашлаад улсын аварга шалгаруулах тэмцээнүүдэд оролцох зардлын асуудлыг нь шийдэж өгөхөө илэрхийллээ.