БНСУ Ховд аймаг хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд/МОНЦАМЭ/ Ховд аймгийн удирдлагууд БНСУ-ын Монгол Улсад суугаа Элчин сайд Жон Жэ Нам тэргүүтэй айлчлалын бүрэлдэхүүн хоёр дахь өдөр буюу 11 сарын 22-ны өдөр амйгийн төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд хүлээн авч уулзлаа. Уулзалтад ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав, Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан нар болон боловсрол, эрүүл мэнд, дэд бүтэц хариуцсан хэлтэс агентлагийн мэргэжилтнүүд оролцлоо.
Аймгийн засаг даргын
орлогч Т.Жаргалсайхан аймгийн нийгэм, эдийн
засгийн өнөөгийн нөхцөл байдлыг танилцуулж, цаашид хамтран ажиллах, хөрөнгө оруулалт
хийгдэх шаардлагатай зарим ажлуудын талаар танилцуулав.
Тухайлбал, Ховд аймаг БНСУ-ын аль нэг хот дүүрэгтэй
найрамдалт харилцаа бий болгож хамтын ажиллагаатай болоход анхаарч ажиллах, боловсролын салбарт буюу оюутан, залуусыг БНСУ-д суралцуулахад тодорхой хэмжээнд
дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм.
Эрүүл мэндийн салбарын тухайд аймаг дахь БОЭТ-д Нөхөн сэргээх, сувилахуйн мэргэжилтэн, Рентгэн техникч, Нийгмийн эрүүл мэндийн ажилтан зэрэг мэргэжилтэй хүмүүсийг Койка олон улсын байгууллагын шугамаар Ховд аймагт ажиллуулж газар дээр нь эмч мэргэжилтнүүдийг сургах, хоёрд Ховд аймгаас Зүрх судас, дурангийн нарийн мэргэжлийн эмчийг Солонгос улсад сургахад дэмжлэг үзүүлэх талаар санал тавилаа.
Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав БНСУ-ын Элчин сайдад хамтарч ажиллах хэд хэдэн санал нь тавьсан юм. Үүнд агаарын бохирдлыг бууруулахад хамтран
ажиллах, аймгийн төвийн дэд бүтцийг сайжруулах, гэр хорооллыг төвлөрсөн шугам сүлжээнд
холбож иргэдийн ая тухтай амьдрах боломж нөхцөлийг бүрдүүлэхэд хамтран ажиллах санал
хэлсэн юм.
Харин БНСУ-ын Элчин сайдын яамнаас энэ удаад ирж байгаа өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг тус аймагт аж үйлдвэр, эрчим хүчний чиглэлээр ямар ажлууд хийж болохыг мэдэх зорилгоор ажиллав. Мөн ажлын хэсгийнхэн БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр барьсан Дөргөний УЦС шиг станц барих боломж БНСУ-д ч байгааг дуулгажээ.
Ирэх 2019 онд БНСУ Монгол Улстай Чингис хааны үеэс хамтын ажиллагаатай хөгжиж ирсний 800 жилийн ой, 2020 онд БНСУ, Монгол Улстай дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой тохиох бөгөөд энэхүү түүхт ойн хүрээнд хамтын ажиллагаагаа уламж бататгаж, шинэ түвшинд хүргэх зорилготой байгаагаа Элчин сайд онцолж байлаа. Мөн Ховд аймгаас бидэнтэй хамтран ажиллах саналынхаа төсөл, хөтөлбөрөө боловсруулж тус улсын ЭСЯ-д ирүүлэхийг хэллээ.
БНСУ-ын Элчин сайдын яамны ажлын хэсэг үргэлжлүүлэн Ховд аймгийн Хөгжил Политехник коллеж, Ховд их сургууль, Цагдаагийн
газруудын ажил, орчин нөхцөлтэй танилцаж, харилцан хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.