Орон нутгийн бизнес эрхлэгчдийн бүтээгдэхүүн Европын холбооны зах зээлд гарах боломжийн талаар мэдээлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙАрхангай /МОНЦАМЭ/. Глоб интернэшнл төвөөс хэрэгжүүлж буй “GSP+ механизмаар дамжуулж хүний эрх, хөдөлмөрлөх эрхийг хөхиүлэн дэмжих” төслийн хүрээнд “Орон нутгийн бизнес Европын холбооны зах зээлд гарах боломж” сэдвээр мэдээлэл солилцох уулзалт зохион байгууллаа. Тус уулзалтад аймгийн ЗДТГ, МҮХАҮТ, Хүний эрхийн үндэсний комисс болон орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл 25-30 орчим хүн оролцсон байна.
Уулзалтаар GSP+ буюу Европын холбооны Хөнгөлөлтийн ерөнхий системийн хүрээнд орон нутгийн бизнес эрхлэгчид бүтээгдэхүүнээ хэрхэн Европын зах зээлд гаалийн татваргүй экспортлох боломжийн талаар түлхүү танилцуулж, бодит боломжийг ашиглаж буй компаниудын туршлагаас хуваалцсан юм. Мөн GSP+ механизм болон Монгол Улсын нэгдэн орсон олон улсын конвенциуд дахь үүргийг танилцуулах замаар хүний эрхийн сорилтуудын талаар орон нутгийн яриа хэлэлцүүлгийг бэхжүүлж, GSP+ механизмтай холбоотой асуудлуудыг тухайн орон нутгийн засаг захиргааны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгуулах зорилготой ажээ.
Ийнхүү GSP+ механизмын ашиглалтыг орон нутгийн түвшинд дээшлүүлэх нь бизнес эрхлэгчдэд үйл ажиллагаагаа тэлэх томоохон боломжийг олгохоос гадна тухайн бүсийн эдийн засгийн тогтвортой өсөлт болоод хүний эрхийн нөхцөл байдлыг нь дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм.
Европын Холбооны санхүүжилтийн хүрээнд Democracy Reporting International байгууллагын захиалгаар хэрэгжиж буй “GSP+ механизмаар дамжуулж хүний эрх, хөдөлмөрлөх эрхийг хөхиүлэн дэмжих нь” төсөл нь суурь хүний эрхүүдийг хэрэгжүүлэхийн тулд нөлөөллийн үйл ажиллагаа болон мэдлэг ойлголтыг дээшлүүлэх чиглэлээр ажиллаж буй иргэний нийгмийн байгууллагуудыг дэмжих зорилготой юм. Одоогоор тус төсөл нь Армен, Боливи, Кабо Верде, Киргиз, Монгол, Пакистан, Парагвай, Филиппин, Шри Ланка гэсэн Европын холбооны Хөнгөлөлтийн ерөнхий системийн хүрээнд эдийн засгийн урамшуулал хүртэж буй 9 улсад хэрэгжиж байна. Дээрх өгөөж хүртэж буй орнууд нь эдийн засгийн урамшууллынхаа хариуд НҮБ-ын хүний эрх, хөдөлмөрлөх эрх, хүрээлэн буй орчин, сайн засаглалтай холбоотой 27 конвенцийг даган мөрдөх үүрэг хүлээдэг. Энэ нь ардчилал, хүний эрхийг хүндэтгэх байдлыг баталгаажуулах боломжгүй байгаа өнөөгийн нөхцөл байдалтай уялдаж байгаа ба хүний эрхийн соёлыг сурталчлахаас эхлээд хувь хүнийг эрх мэдэлжүүлэх бүхий л боломжийг ашиглах нь маш чухал гэв.
Төслийн хүрээнд ийм уулзалтыг Архангай,
Баянхонгор, Дархан-Уул, Орхон, Сүхбаатар, Увс аймгуудад хийж байгаа аж.