Мах экспортлоход шаардагдах арга хэмжээг авч ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙАрхангай /МОНЦАМЭ/. Засгийн газрын гишүүн, Улсын онцгой комиссын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Архангай аймагт энэ сарын 17-нд ажиллаж, аймгийн Онцгой комиссыг хуралдууллаа.
Улсын онцгой комиссын гишүүд аймгуудаар явж, өвлийн бэлтгэл ажил болоод өнгөрөгч 4-р сарын 20-ноос 11-р сарын 20 хүртэл хугацаанд орон даяар мал сүргийг өвчнөөс урьдчилан сэргийлэх бүх нийтийн арга хэмжээний ажлын үр дүн аймгуудад ямар байгаа талаар газар дээр нь мэдээлэл сонсон ажиллаж байгаа юм байна. Мөн аймгийн удирдлагуудад “Монгол Улсын малын махны экспорт нэмэгдэж байгаа. Гадаад худалдааныхан юу шаардаж байна вэ гэхээр ялангуяа бодын махыг бар кодтой болгох, нийт нутаг дэвсгэрээ малын өвчтэй, эрүүл бүс гэж ангилан, өвчтэй бүсийн малыг 100 хувь вакцинд хамруулах шаардлагатай байна гэсэн шаардлага тавьж байна. Тэгэхээр бидний зүгээс мах экспортлоход шаардагдах арга хэмжээг авч ажиллах нь чухал байна” гээд мал, мах тээвэрлэлтэд анхаарч ажиллахыг хэллээ.