Хотонт суманд малын тоо буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-12-24 17:22:20

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Хотонт сум нь 2018 оны жилийн эцэст 1334 малчин өрхийн 28783 адуу, 29019 үхэр, 164408 хонь, 117848 ямаа  нийт 340058 толгой мал тоолуулсан байна. Урьд оныхтой харьцуулахад мал 3471 толгойгоор буурсан үзүүлэлттэй гарчээ. Энэ нь малчид малаа зах зээлд их хэмжээгээр борлуулж байгаатай холбоотой гэнэ.


Нөгөө талаар малын тоо буурах нь бэлчээрийн даац сайжирч, малчдын бэлэн мөнгөний эх үүсвэр бий болж 1 өрхөд ноогдох хадгаламжийн орлого нэмэгдэж байна гэсэн үг юм.

2018 онд Төрөөс баримталж байгаа мал сүргийг эрүүлжүүлэх арга хэмжээнд 350086 толгой мал ба нийт мал сүргийн 36,5 хувийг хувийн гурван мал эмнэлэгтэй хамтран зохион байгуулж ажиллажээ.

2018-2019 оны өвөлжилт, хаваржилтын хохирол багатай даван туулахын тулд сумын өвс тэжээлийн фондонд төсөвт албан байгууллага, ААН, албан хаагчид 27 тн өвс, гар тэжээл 15тн-г бэлтгэжээ.

Малчид өөрсдийн хүч бололцоог ашиглан байгалийн хадлан 5650тн, гар тэжээл 44тн-г тус тус бэлтгэж авсан байна.

関連ニュース