МСҮТ төгсөгчдийн 40 орчим хувь нь ажлын байрны урилга хүлээн авчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар А.Зайтины нэрэмжит
Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг энэ жил 11
мэргэжлээр 158 оюутан төгсөж байгаагаас 40 орчим хувь нь ажлын байрны
урилга хүлээн авчээ.
Энэ талаар тус сургуулийн захирал И.Жанболат өчигдөр болсон "Хонхны баяр"-ын
арга хэмжээний үеэр мэдэгдлээ.
Тэрээр хэлсэн үгэндээ: “МСҮТ-ийг
сонгон суралцах оюутнуудын тоо жил ирэх тусам нэмэгдээд байна. Яагаад гэвэл манай
сургуулийн бэлтгэсэн боловсон хүчний 60-70 хувь нь ажлын байраар хангагддаг. Мөн
ажлын байрны эрэлт хэрэгцээ, ажил олгогч байгууллагуудын захиалгыг судлан үзсэний
үндсэнд зөөгч бармен, автомашины кузов засвар, мебель, модон эдлэлийн мужааны
ангиудыг шинээр нээсэн. Үүний үр дүнд манай аймгийн зарим хувийн хэвшлийн
байгууллагуудаас урилга ирүүлж, энэ удаагийн төгсөгчдийн 40 гаруй хувийг ажлын
байраар хангахаар боллоо” гэв.
Хонхны баярын үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга А.Гылымхан оролцож
төгсөгчдөд баяр хүргэж, суралцах хугацаандаа сурлага, урлаг, спортоор
манлайлсан 20 гаруй оюутныг шагнан урамшууллаа.