Байгаль орчны нарийвчилсан болон ерөнхий үнэлгээ хийж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙАрхангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт Дулааны станц баригдах гэж буйтай холбоотойгоор “Эко трейд” ХХК-ийн ажлын хэсэг аймгийн холбогдох мэргэжилтнүүдтэй уулзлаа. Тус компани Эрчим хүчний яамны захиалгаар байгаль орчны үнэлгээ хийж байгаа юм.
Дээрх ажлын хэсгийнхэн аймагт энэ сарын 11, 12-нд ажиллах бөгөөд Цэцэрлэг хотын сүүлийн 20 жилийн цаг агаарын мэдээ, нийгэм, эдийн засгийн чиглэлийн статистик мэдээ, хүн амын өвчлөл, ялангуяа халдварт өвчний тоон мэдээлэл, дулааны шугам явах газруудад хэдэн орон сууц байгаа, мөн түүх, дурсгалын хөшөө, дурсгал бий эсэх, дулааны станц ашиглалтад ороход эдийн засгийн ямар өөрчлөлтүүд гарах, иргэд ямар хүлээлттэй байгаа зэргийг асуумжаар судлах ажээ.
Архангай аймгийн тухайд өнөөдрийн
байдлаар дулааны “Эх голомтын илч” ХХК-ий 11 том зуух, 150 орчим нам даралтын
зуух, Цэцэрлэг хотын гэр хорооллын 5000 гаруй өрхийн яндан агаарын бохирдлыг
бий болгож байна гэж үзэж байгаа. Дулааны үнэ нь орон сууцны өрхийнх м2 нь 810
төгрөг, үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллага нь м3 нь 2044 төгрөг байгаа нь бусад
аймгуудын дулааны үнээс 2-3 дахин их байгааг холбогдох мэргэжилтнүүд хэлж
байлаа. Цэцэрлэг хотод үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж, байгууллагууд
жилдээ 18 мянган тн нүүрс хэрэглэдэг байна.
2021 онд Дулааны станц бүрэн хүчин
чадлаараа ажиллаад эхэлбэл өрхийн болон, байгууллагын дулааны үнэ буурч, эдийн
засгийн хэмнэлт бодитой гарна. Мөн 24 цагийн халуун устай болох, шинээр орон
сууц барих, агаарын бохирдол эрс буурч, хүн амын эрүүл мэндэд эерэг нөлөө
үзүүлнэ гэж үзэж байгаа юм.